Д.Сүхбаатарын талбай дээр өчигдөр "Гэр хороолол хөдөлгөөн"-өөс 100 улаан майхан бариад жагсаал зохион байгуулж байсныг Цагдаагийнхан тараажээ. Энэ талаар ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэхүү жагсаалыг хууль бус гэж үзэн үйлдлээ зогсоох тухай Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 17-ны 1/1242 тоот шаардлагыг "Гэр хороолол хөдөлгөөн" төрийн бус байгууллагын тэргүүн Б.Батсүхэд хүлээлгэн өгсөн боловч тарахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тиймээс хууль зөрчсөн цуглааныг албадан тараах ажиллагааг зохион байгуулжээ.
ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "2018 оны тавдугаар сарын 17-ны 11:30 цагаас эхлэн Сүхбаатарын талбайд "Гэр хороолол хөдөлгөөн" төрийн бус байгууллагаас бүртгэлгүй майхантай цуглааныг зохион байгуулсан. Энэ нь Монгол Улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт заасан Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулахдаа гэр, майхан, бусад түр орогнох байр барих болон хоноглохгүй байх, түүнчлэн бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг нэвтрүүлэхгүй байх" гэсэн заалтыг зөрчсөн" гэв.