Шугам сүлжээний засвар, шинэчлэлтэй холбоотойгоор орон сууцны айлуудын хэрэглээний халуун усыг хязгаарлаж эхлээд буй. Энэ талаар Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын Инженерийн бодлогын хэлтсийн дарга Ж.Пүрэвжамцаас тодрууллаа.
-Хэрэглээний халуун усыг жил бүр хязгаарладагт иргэд их бухимддаг. Энэ жил зарим газарт гурван сар хүртэлх хугацаагаар хаана гэсэн үү?
-Зуны төлөвлөгөөт засвар эхэлсэн. Мэргэжлийн байгууллагуудын шийдвэрээр өнгөрсөн хоёр жилийн турш 14-30 хоног хязгаарладаг байсан. Энэ жил дээд тал нь 5-7 хоног хязгаарлаж, засвар хийхээр төлөвлөсөн.
Манай байгууллага нийт 830.2 км урт шугам сүлжээний засвар, үйлчилгээг хариуцдаг. Үүний 60 хувийнх нь ашиглалтын хугацаа хэтэрсэн. 20 жил ашиглах ёстой байдаг. Өөрөөр хэлбэл, 1998 онд тавьсан хоолойн насжилт энэ жил дуусна гэсэн үг. Өнгөрсөн жил 1.2 тэрбум төгрөгөөр нийт шугам сүлжээний дөрөв орчим хувийг л засаж сэлбэсэн. Энэ жил 4.5 тэрбум төгрөг төсөвлөж, 22 газарт засвар хийн, 30, 40 жилийн настай хоёр км шугамыг солих төлөвлөгөөтэй.
-Хэрэглээний цэвэр усны хоолойгоор зэвтэй ус гараад байна гэсэн гомдол их. Энэ нь шугам хоолойн ашиглалт дууссантай холбоотой юу?
-Хэрэглээний ус дөрвөн дамжлагаар иргэнд хүрдэг. Эхлээд худгаас дулаан дамжуулах руу, түүнээс байрны узель, үүний дараа тараалтын буюу орон сууцны дундын шугам хүртэл, хамгийн сүүлд айлын усны хоолой руу шахагддаг. Дамжлага бүр хариуцсан эзэнтэй. Эхний хоёр нь төрийн өмч. Орон сууцны дундын шугам СӨХ-ных, иргэнд хүрэх хэсэг нь тухайн айлын хувийн өмч байдаг.
Төрийн зүгээс хариуцсан хэсгээ бага ч болов засаж, шинэчлэдэг. Харин дараагийн хоёр шатанд засвар шинэчлэл бараг хийдэггүй. Шугам сүлжээг засаж сэлбэдэг сайн СӨХ ганц нэг бий. Иргэд бол хоолой задарч, ус алдахаас нааш солих талаар боддог ч үгүй.