ОХУ-ын Буриадын БНУ-ын Зам, тээвэр, эрчим хүчний хөгжлийн яамны мэдээлснээр Монголын агаарын тээврийн “Хүннү эйр” компанид дамжин өргөх нислэг хийх эрх олгожээ. Тус компани Улаанбаатараас Улаан-Үүдээр дамжин БНХАУ руу нислэг хийх юм байна. ОХУ-ын Тээврийн яам 2017 онд Улаан-Үүдийн нисэх буудал “Байкал”-ын зэрэглэлийг өсгөж Сочи, Калининград, Владивостокийн нисэх буудлуудтай ижил түвшинд хүргэсэн учир тус нисэх буудал олон улсын транзит нислэгийг хүлээн авах боломжтой болжээ.
“Монголын компани Улаанбаатар-Улаан-Үүд-Хайлаар, Улаанбаатар-Улаан-Үүд-Манжуур” маршрутаар нислэг хийх эрхээ БНХАУ-ын талаас мөн авсан. Тиймээс “Хүннү эйр” 2018 оны зургадугаар сарын сүүлчээс эхлэн долоо хоногт хоёр удаа дээрх чиглэлүүдэд нислэг хийнэ. Эдгээр нислэг нь Монгол, ОХУ, БНХАУ-ын иргэдэд гурван улсаар саадгүй аялах боломжийг олгох юм” хэмээн Буриадын БНУ-ын Зам, тээвэр, эрчим хүчний хөгжлийн яамны хэвлэлийн алба мэдээлжээ.