ШӨХТГ-аас чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлууд, иргэд, хэрэглэгчид, аж ахуй нэгжийн гомдол, мэдээллийн дагуу зохион байгуулсан хяналт, шалгалтууд болон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан орон даяар зохион байгуулж буй “Хүүхэд - Хэрэглэгч” аяны үйл ажиллагаа, явцын талаар хүрэлцэн ирсэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тодруулбал, шалгалтаар “Сакуралайфмакс” ХХК нь өөрийн импортлон худалдаалдаг “Alivemax” компанийн хүнсний бүтээгдэхүүний ангилалд хамаарах дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг эрүүл мэндийн бүтээгдэхүүн хэмээн ойлгогдохоор сурталчилж байгаа нь тогтоогджээ. Жишээлбэл, өвчтэй эсийг эмчилнэ, зүрх судасны өвчин, чихрийн шижин, бөөр давсагны үрэвсэлт эмгэг, бөөрний дутагдал, тархинд цус харвасан болон саажилт зэрэг 2000 гаруй төрлийн өвчнийг эдгээнэ гэх мэтээр сурталчилж байжээ.
Уг зөрчлийг өнгөрсөн онд илрүүлэн, 2017 оны есдүгээр сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөгийн торгууль ногдуулсан ч тус компани болон олон нийтийн мэдээллийн байгууллагууд нь уг зөрчлөө арилгахгүй хууль бус зар сурталчилгааг түгээсээр байж.
Иймд тус байгууллагуудыг хууль бус үйлдлээ таслан зогсоогоогүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцохыг мэдэгдлээ.
Мөн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан орон даяар “Хүүхэд - Хэрэглэгч” аяныг зохион байгуулахаар бэлтгэлээ хангаад байгаа аж. Аяны хүрээнд:
- Хүүхдийн хэрэглээний боловсролыг нэмэгдүүлж тэдний эрхийг хамгаалах,
- Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний чанар, үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг хийх,
- Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний эрхэлж буй аж ахуй нэгжүүдийн өрсөлдөх чадварыг дэмжсэн уулзалт, сургалт семинар, үзэсгэлэн худалдаа хийх,
- Агентлагийн чиг үүргийн хууль, тогтоомжуудын хэрэгжилтийг танилцуулах арга хэмжээнүүдийг улс орон даяар зохион байгуулах юм байна.