Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зарлигаар төрийн тахилгат Алтан овоог тахих зан үйлийг уг овоог анх тахисны 105 жилийн ойтой хамтатган 2018 оны долоодугаар сарын 27-29-ний өдрүүдэд Дарьганга суманд зохион байгуулна.
Алтановоо буюу Дарь уулыг XYII зууны үеэс нутгийнхан тахиж ирсэн бөгөөд 1903 оноос зарлигаар тахих болсон. Хэсэг хугацаанд тахилга зогсоод байсан ч 1990-ээд оны үеэс дахин сэргээж, 2004 оноос эхлэн төрийн тахилгат уул болгожээ.Их тахилгад зориулсан “Алтан овооны дуулал” хүндэтгэлийн тоглолтыг 2018.05.30-ны 19.00 цагаас “Улаанбаатар” паласын концертын их танхимд зохион байгуулах гэж байна. Тоглолтод Сүхбаатар аймгийн “Жааханшарга” хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид болон Үндэсний урлагийн их театрын бүжигчид, МУГЖ хийлч Л.Мөнхцэцэг, МУСТА дуучин О.Хүрэлбаатар, Д.Осгонбаяр, МУСТА саксофончин Г.Болдбаатар нар оролцоно.
Сүхбаатар аймгийн ЗДТГ, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, төрийн их тахилгыг зохион байгуулах комиссын зүгээс нутгийн иргэд, Сүхбаатар аймагт ажиллаж, амьдарч байсан ахан дүүс та бүхнийг нэгэн оройг хамтдаа уран бүтээлийн дээжсээр аялан, уулзаж, хуучлан өнгөрүүлэхийг урьж байна.