Хар тамхины төрлийн ургамал болох марихуаныг хууль бусаар гэртээ тарьж ургуулсан иргэн, 23 настай Б, 28 настай Т нарыг энэ сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баривчилж, гэрээс нь мансууруулах төрлийн их хэмжээний ургамал хураан авчээ. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл шаардлагатай байгааг өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар зөвхөн тавдугаар сард л гэхэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой Монгол Улсын хилээр хууль бусаар мансууруулах төрлийн бодис оруулж ирэн тээвэрлэж, худалдан борлуулсан, мансууруулах төрлийн ургамлыг хууль бусаар тарьж ургуулсан 21 холбогдогчтой найман хэрэг үйлдлүүдийг илрүүлэн, таслан зогсоожээ.
Үүний дунд олон нийтийн сүлжээгээр иргэдийн анхаарлыг татаад байсан хэрэг багтаж байна. Тодруулбал, иргэн Ч, иргэн Б-тэй хамтран хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, тээвэрлэж явахад нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс илрүүлэн барьсан байна. Иргэн, 38 настай Ч нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон, хорих ялаар шийтгэгдэж байгаад энэ оны хоёрдугаар сард ялын хугацаагаа дуусган суллагдсан этгээд байжээ.
Цагдаагийн ерөнхий газрын дарга тушаал гарган, цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын мэргэшлийн түвшинг үнэлэх, шинээр батлагдсан хууль тогтоомжуудын хэрэгжилттэй танилцах, сургалт зохион байгуулах Ажлын хэсэг гаргажээ. Ажын хэсэг хөдөө орон нутагт мөн ажиллаж, иргэдтэй уулзаж байгаа юм байна. Тиймээс цагдаагийн албан хаагчидтай холбоотой хууль бус үйлдэл, санал гомдлоо иргэд мэдээлэхэд нээлттэй бөгөөд дотоод зөрчлийн тухай мэдээллийг 126 дугаарын утсаар авч байгаагаа ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдэгдсэн юм.