Суудлын бүсийг зүүхээ ял мэт хүлээж авдаг хүн олон. Зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа жолооч болон зорчигчдын дунд судалгаа хийжээ. Урд суудалд зорчигчид 73 хувь бүсэлдэг бол тээврийн хэрэгслийн арын суудалд суудаг зорчигчид 82-87 хувь нь бүс бүсэлдэггүй гэж судалгаа гарчээ.
Үүнээс үзэхэд арын суудалд сууж буй зорчигчийн аюулгүй байдал хангагдахгүй байгаа юм. Манай улсад сүүлийн 10 жилийн байдлаар зам тээврийн осол 6.6 дахин өссөн бөгөөд нийт дуудлагын 94.4 хувь нийслэл хотод, 5.6 хувь нь орон нутагт бүртгэгджээ.
Осолд ороод хүндээр бэртэл авсан хүмүүсийн дийлэнх нь арын суудалд сууж байсан нь тогтоогдсон. Энэ талаар Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал хэлэхдээ “2017 оны байдлаар зам тээврийн осолд өртөгсдийн 76 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн, 4 хувь хэрэглэсэн эсэх тодорхойгүй амь насаа алдсан, 20 хувь суудлын бүс хэрэглээгүй байсан. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн хувьд өнгөрсөн онд 55 хүүхэд осолд өртөж амь насаа алдсан. Үүнээс 47 хүүхэд суудлын бүс хэрэглээгүй буюу эцэг эхтэйгээ авто машинд зорчиж яваад орон нутгийн замд амиа алдсан байна” гэлээ. Замын цагдаагийн албанаас хүүхдэд суудлын бүс, зориулалтын суудалд суулгаагүй бол зөрчлийн тухай хуулиар 20 мянган төгрөг, хүн тээвэрлэх журам зөрчсөн бол 50 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авч байгаа юм.
Авто машин 100км/цаг хурдтай явж байгаа нөхцөлд зорчигч хамгаалалтын бүсээ зүүсэн бол амь нас бүрэн аврагдах боломжтой. Манай улсад орон нутгийн замд 80 км/цаг хурдтай явахыг зөвшөөрдөг. Тиймээс иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтын бүсийг хэрэглэж хэвшүүлэх нь энэхүү төслийн гол зорилго юм.