“ULAANBAATAR TRAVEL EXPO” аялал жуулчлалын үзэсгэлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нээгдлээ. БОАЖЯ, нийслэлийн Аялал жуулчлалын газраас зохион байгуулж буй уг үзэсгэлэнг “Цайны замаар аялахуй” уриан дор явуулж байгаа бөгөөд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны төрийн болон аялал жуулчлалын байгууллагууд өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн иржээ. Түүнчлэн Ховд аймгийн Аялал жуулчлалын газар хамтран эх орноо, аялал жуулчлал, түүх соёлоо сурталчилж байна.
Монгол Улсад хүрэлцэн ирэх жуулчдын тоог тэргүүлдэг манай урд хөрш БНХАУ-аас ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн хорооны Хамтын ажиллагааны газрын орлогч дарга Му Вей болон Эрээн хотын орлогч дарга Ду Дэ Шин тэргүүтэй 50 гаруй төлөөлөгчөөс гадна дотоодын 80 орчим аж ахуйн нэгж, байгууллага үзэсгэлэнгийн үеэр улс орноо, аялал жуулчлалаа сурталчилж байна.
Түүнчлэн арга хэмжээний үеэр аялал жуулчлалын мэргэшсэн багш, судлаачдын илтгэлүүдийг сонсох боломжтойгоос гадна спорт сонирхогч залуусдаа зориулан “Ulaanbaatar travel cup” хөл бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж, Улаанбаатар чуулгын авьяаслаг уран бүтээлчид үндэсний урлагийг орчин үеийн хөгжимтэй хослуулсан гайхамшигт тоглолтоо өдрийн турш толилуулна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.