Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тархины саажилттай хүүхдүүдийн 10 дугаар цэцэрлэгийн барилгыг барих асуудал олон жил яригдаж байгаа. Тэвэл тус цэцэрлэгийг барихад шаардагдах 5 тэрбум төгрөгийг 2019 оны төсвийн төсөлд тусгаж, энэ цэцэрлэгийг орчин үеийн шаардлагад нийцсэн, шинэ барилгатай болгоход анхаарах тухай өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа "Ерөнхий сайд 6 дугаар сарын 1-нд тус цэцэрлэгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлсаны үр дүнд энэхүү шийдвэр гарлаа. Уг шийдвэрт салбарын яам болон уг цэцэрлэгийн хүүхдүүд, эцэг эхчүүдийн зүгээс талархалтай байгаагаа хэлмээр байна" гэв.
Барилгын зураг 5.3 тэрбум төгрөгийн өртөгтэй байхаар зурагдсан байна. Ингээд Монгол Улсад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгайлан зориулсан 120 ортой цэцэрлэг баригдах боллоо. Салбарын яамны зүгээс нээлттэй тендер зарлаж, барилгын компаниудад зар хүргэх гэнэ.