Дархан аварга Х.Баянмөнх Монголын Допингийн эсрэг төвд асуудал байна гэж үзэн АТГ-т шалгуулах хүсэлтээ өнөөдөр өглөө. Түүнийг АТГ-аас гарч ирсний дараа бөхчүүдийн эв нэгдэл болон допингийн хэрэглээний талаар ярилцлаа.
-Жил бүр бөхчүүд допинг хэрэглэсэн гэх асуудалд ордог боллоо. Таны бодлоор үнэхээр бөхчүүд хэрэглээд байна уу? Эсвэл Допингийн эсрэг төвд асуудал байна уу?
-Энэ допинг гэдэг муухай юмнаас болж олон сайхан бөхчүүд маань нэр төрөө гутааж байна. Залуу бөхчүүд маань сонирхоод, ухаан мэдрэлээ алдтал тариулж байгаа сураг дуулаад санаа зовж байна. Гэхдээ зарим нэг бөх үнэхээр өөрийн бяр чадал, ур мэхээрээ гарч ирж байхад Допингийн эсрэг төв худал шинжилгээ хийж байна гэж хардахаас өөр арга алга. Тиймээс АТГ шалгах хүсэлтээ гаргаад явж байна.
Бидний үед Витамин С гэж л мэддэг байсан болохоос ийм юм хэрэглэж үзээгүй.
-Допингийн шинжилгээг бөх болгоноос авдаг уу? Хэр олон бөх худал шинжилгээний хохирогч болж байна вэ?
-Шөвгийн 16-д үлдсэн бөхөөс л допингийн шинжилгээ авдаг. Допинг нь спортын амин сүнс болсон шударга өрсөлдөөнийг үгүй хийж байна. Манай бөхчүүдээс допингийн шинжилгээ өгөхөөр илрээд байсан болохоор багагүй санаа зовниж байлаа. Гэтэл үнэхээр хэрэглээгүй гэдгээ батлан шүүхээр явж тогтоолгосон ганц хоёрхон л хүн байна. Миний ойлгосноор А,Б сорьц гэж байдаг гэнэ. Хоёуланг нь хийлгэж байж, үнэн гарах юмыг нэгээр нь дүгнэчихээр алдаа гаргадаг бололтой. Тэгээд олон шинжилгээний дээж хэнийх гэдэг нь мэдэгдэхгүй хольж хутгах магадлалтай тул осолтой санагдсан.
-Тэгэхээр Допингийн эсрэг төв хариуцлагагүйгээсээ болоод алдаа гаргаж байна уу? Эсвэл ашиг сонирхлоос шалтгаалсан гэж хардаж байна уу?
-Ашиг сонирхлын зөрчил байж магадгүй гэж хардан АТГ-т өгөөд байна.
-Удахгүй Үндэсний их баяр наадам боллоо. Хүндэлж явдаг бөхчүүд нь асуудалд орооцолдоод байгаа болохоор нутгийн ард түмэн санаа зовж байгаа. Хоёр хуваагдаад байгаа бөхчүүд эвлэрэх шинж байна уу?
-Наадмаас өмнө эвлэрье гэсэн санал тавьсан. Уг нь манай бөхчүүд бол эвтэй найртай байхыг хичээж л байна. Гэтэл Бөхийн салбар комиссын дарга нь Хууль зүйн Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан гэж хүн бидний саналыг хүлээж аваагүй. Та нар бөхчүүдгүйгээр яаж наадах гэж байгаа юм бэ гэж асуухад “Төрийн хүчээр наадам болдог юм” гэсэн. Би ойлгохгүй байгаа юм. Цэрэг цагдаагаа дуудаад наадамлах гэж байгаа юм уу даа. Ямартай ч болгоно гэсэн шүү дээ.
-Төрийн хүчээр гэхээр өөр ямар арга байдаг юм бол?
-Бөхийн зөвлөлөөр ярилцаж байгаад ашиг сонирхол нэгтэй бөхөө л барилдуулах юм болов уу даа.
-Та саяхан би курсд сурах гэж байна. Хөгширсөн гэж хойш суухгүй гэж байсан. Юугаар суралцах бодолтой байна. Залууст хандаж юу сураарай гэж хэлмээр байна.
-Би монгол бичиг сайн сурах юмсан гэж бодож байна. Залуустаа хандаж хэлэхэд боловсролдоо анхаарахгүй бол хэдий залуу насны ааг омог, хүч байлаа ч одоогийнх шигээ хэдэн тийшээгээ муйхарлаж зүтгээд байвал ямар хэрэг байх билээ. Манай монголчууд сайхан наадах дуртай ард түмэн. Тиймээс наадмын өмнө эвлэрүүлчих юмсан гэж бодож байна даа.