Зуны амралт бол оюутан залуусын хувьд өөрийгөө хөгжүүлэх, хажуугаар нь ажил хийж орлого олох боломжтой үе байдаг билээ. Олонх оюутан амралтаараа цагийн ажил хийх, сургалтад хамрагдаж хэл сурах, эсвэл аялж өнгөрүүлэхийг хүсдэг. Тэгвэл энэ зун юу хийхээ төлөвлөж амжаагүй оюутнууд анхаарлаа хандуулна уу.
Манай улсад аяллын хөтөч, тайлбарлагчийн сургалт цөөнгүй. Монголын аяллын хөтөч тайлбарлагчдын холбоо энэ чиглэлийн мэргэжлийн ур чадвар олгох сургалтыг Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран жил бүр зохион байгуулдаг. Үүнээс гадна Монголын мэргэжлийн хөтөч, тайлбарлагчдын холбоо 2003 оноос, “Монголиан гайд тур” ХХК 2009 оноос аяллын хөтөч, тайлбарлагч нарт зориулсан ур чадвар олгох сургалт явуулж байна.
Сургалтын агуулга болон боломжуудын талаар “Монголиан гайд тур” ХХК-ийн менежер Н.Сувдаагаас тодруулахад “Аяллын хөтөч хийхэд дан ганц хэлний мэдлэг хангалтгүй. Тайлбарлаж буй зүйлсийнхээ түүх, онцлог гээд нарийн учрыг мэдэж ойлгосны дараа танилцуулбал жуулчид илүү татагддаг” гэв.
Манайд ирж буй жуулчид хөөмий, морин хуур, уртын дуу зэрэг язгуур урлагийг ихээхэн сонирхдог, зарим нь бүр хуур татаж үзэхийг хүсдэг аж. Монгол орны онцлогийг тайлбарлах чадваргүй, түүх уламжлалаа мэдэхгүй, бэлтгэгдээгүй хөтөч нар жуулчдыг үргээдэг талаар тэрбээр онцолж байлаа. Дээрх компаниас зохион байгуулдаг сургалтад хамрагдаж, ажлын байртай болсон Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.
-Аяллын хөтөч, тайлбарлагчийн сургалтад хамрагдсан нь таны сонирхолтой холбоотой байв уу?
-Би 2016 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд англи хэлний багш мэргэжлээр суралцаж байхдаа хэлний чадвараа сорихыг хүсдэг байв.
Тухайн үед мэргэжлийхээ дагуу англи хэлний цагийн багш хийж байсан ч илүү сонирхолтой байхын тулд хөтчийн сургалтад хамрагдсан. Улмаар “Монголиан гайд тур ХХК”-д мэдээллийн ажилтан, хөтөч хийх болсон.
-Сургалтын хөтөлбөрөөс өөртөө юу шингээж авав?
-Монгол орныхоо түүх, газар зүй , газрын баялаг, байгаль, шашин, соёлын дурсгалт газрууд, соёлын өв гээд эртний улсуудын тухай мэдлэгтэй болсон. Мөн хэлний мэдлэгээ бататгахын зэрэгцээ зан заншил, аюулгүй байдлаа хэрхэн хангах гэх мэт олон зүйл сурлаа.
Хамгийн чухал нь хариуцлагатай байх гэж чухам юу вэ гэдгийг ойлгож авсан. Ямар нэгэн алдаа гаргахад түүнийгээ засах, хүнтэй харилцах чадвар, аялагчийн сэтгэгдэлд анхаарах гэх мэт зэргийг ч сурлаа.