
Боулингийн спортыг олон нийтэд сурталчлах, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, боулинг сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, залуу тамирчдад үлгэр жишээ болох зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар, Монголын боулингийн холбоо хамтран Боулингийн спортын Ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнийг “Биг боулинг” төвд амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн тэмцээнд спортын мастер М.Түвшинсанаа, Ж.Содномдорж, С.Хандаа, Х.Өлзийхорол, Т.Дорждэрэм, спортын дэд мастер Цэнд.Батжаргал тэргүүтэй шилдэгүүд өрсөлдөв.
Тэмцээнийн нээлтийн үеэр боулингийн спортыг хөгжүүлэх, сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан М.Түвшинсанаад биеийн тамир спортын салбарын дээд шагнал “Биеийн тамир спортын тэргүүний ажилтан” цол, тэмдэгээр шагнасныг холбооны дэд ерөнхийлөгч Т.Батсайхан гардуулан өглөө.
Тамирчид эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, холимог хосын төрлөөр тус бүр 6 тоглолт гүйцэтгэн, оролцсон төрөл бүрээр нь авсан нийт оноогоор жагсаан байр эзлүүлж цом, медаль, мөнгөн шагнал, өргөмжлөл хүртээлээ.
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд: Тэргүүн байрыг “Биг боулинг” клубын Ю.Ганболд, дэд байрыг “Мобиком” клубын Г.Жаргалсайхан, гутгаар байрыг М.Түвшинсанаа нар эзлэв.
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд: Тэргүүн байранд ТЭЦ-3 клубын С.Хандаа, дэд байранд “Страйкс” клубын Ш.Гэрлээ, гутгаар байранд “Биг боулинг” клубын Х.Өлзийхорол нар орлоо.
Холимог хосын төрөлд: Тэргүүн байранд Г.Жаргалсайхан, Т.Долгормаа, дэд байранд М.Түвшинсанаа, П.Уранчимэг, гутгаар байранд Ж.Содномдорж, Х.Өлзийхорол нар шалгарсан байна.
Өндөр онооны шагналын эзнээр эрэгтэйчүүдээс М.Түвшинсанаа (229 оноо), эмэгтэйчүүдээс С.Хандаа (212 оноо) нар тодорсон.
Ахмадын аварга шалгаруулах тэмцээний ивээн тэтгэгчээр ажилласан CRM ХХК, Сант сургуулиас шүүгч, тамирчин, хөгжөөн дэмжигчдийн дунд спортын хэрэгслийн сонирхолтой сугалгаа явуулж хөгжөөв.