Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд энэ сарын 18-ны өдөр 11 настай хүү амиа алдсан харамсалтай хэрэг гараад байгаа. Тэгвэл хэрэг болсон өдөр Япон улсад ч бас газар хөдлөлтийн улмаас 9 настай охин амиа алдсан хэрэг гарчээ. Яг ижил үүссэн нөхцөл байдалд хоёр улсын удирдах албан тушаалтнууд хэрхэн хариу үйлдэл үзүүлснийг харьцуулан үзүүлж байна.
Харамсалтай хэрэг гарсан 79-дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэ хэлэхдээ "Эрсдэлт бүлгийн хүү байсан. Ээж нь салаад явчихсан, аав нь архины хамааралтай, эмээтэйгээ амьдардаг ар гэрийн хараа хяналт султай хүүхэд байсан" гэх юм. Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл "Бид хэргийн газар ажиллаж байна. Бага, дунд боловсролын тухай хуульд ерөнхий боловсролын сургуулийн захирлын эрх, үүргийг зааж өгсөн байдаг. Сургуулийн ойр орчмын аюулгүй байдлыг хангах, гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авах зэрэг үүрэг хүлээхээр зааж өгсөн. Ажлын хэсгийн дүгнэлтээр бүх зүйл тодорхой болно" хэмээлээ. Уучлалт хүссэн өнгө аяс түүний энэхүү мэдэгдлээс харагдсангүй.
Японы Осака хотод 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болж сургуульдаа очиж явсан есөн настай бяцхан охин сургуулийнхаа бассейны хашаанд даруулж энджээ. Уг асуудлыг нарийвчлан шалгасны эцэст сургуулийн байгууламжийн хашаа хаалтын өндөр 2.2 метрээс дээшгүй байх ёстой гэсэн стандартаас давсан байсан нь илэрч хотын дарга, тус хотын боловсролын газрын удирдлагууд очиж эмгэнэл илэрхийлж уучлалт гуйж хариуцлага тооцохоо илэрхийлсэн байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлын өмнө, хүчтэй газар хөдлөлтөөс үүдэж нурсан хаалтын өмнөөс хариуцлага хүлээж байгаа нь энэ ажээ.
79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайг 2012 онд Баянзүрх дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Баянзүрх тохижилт" ХХК хийж гүйцэтгээд, тухайн оны арваннэгдүгээр сард улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Үүнээс хойш сургуулийн өмчид бүртгүүлжээ.
Япончуудаас сурах зүйл бидэнд бий. Харамсаж байгаа бол түүнийгээ илэрхийлээд, дахин алдаа гаргахгүйн тулд арга хэмжээ авч сурах ёстой. Түүний эцэг эх, гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.