Нийслэлийн авто замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн гол гудамж, замын уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажил ид өрнөж байна. Үүний зэрэгцээ Улаанбаатар хотын гадна тойруугийн авто замын сүлжээг хэсэгчлэн гүйцэтгэж байгаа юм.
НАЗХГ-ын захиалгаар УБЗЗАГ Дарь-Эхийн уулзвараас Ганц худаг, Цагаан даваа чиглэлд гурван км авто замыг хийж гүйцэтгэжээ.
Мөн Нийслэлийн Засаг даргын болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрт гадна тойруугийн зам барина гэж тусгагдсан байгаа аж. Гадна тойруугийн хамгийн ачаалалтай зам нь Дарь-Эхийн уулзвараас Ганц худаг, Цагаан даваа чиглэл. Хотын баруун хойд талаас зүүн хойд тал руу явахын тулд төвийн замыг сонгон явдаг байсан бол гадна тойруугийн зам ашиглалтад орсноор ачааллыг өөр дээрээ авах болно. Энэ зам бүтэн ашиглалтад орох нь Сэлбэ гол дээгүүр барьж буй гүүрээс хамаарна. Гүүрийн ажил үндсэндээ дууссан. Хайлааст, Дарь-Эхийн уулзварыг холбох хоёр талын газар чөлөөлөлтийн ажил удаашралтай байгаа ч наадмын өмнө чөлөөлж дуусгана. Түүнчлэн Улаанбаатар хотыг дайран өнгөрч байгаа тээврийн хэрэгслийг шулуун гаргадаг хурдны замууд төлөвлөж байгаа аж. Энэхүү зам нь нийтдээ 3 км урт, зорчих хэсгийн урт нь 7 метр, хоёр талаараа явган хүний замтай юм байна.