“Орон нутгийн тээвэрт явуулдаг автобусны тасалбарын үнийг нэмэх шаардлагатай” гэж Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооныхон өчигдөр мэдээллээ. Тус холбоонд нийт 72 чиглэлд тээврийн үйлчилгээ эрхлэгч 50 орчим аж ахуйн нэгжийн 1500 гаруй жолооч хамрагддаг аж. Тэд үнэ нэмэх албан шаардлагаа ЗТХЯ, Авто тээврийн үндэсний төвд хүргүүлжээ.
Тус шаардлагад хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний үнийг чиглэлээс нь хамаарч 1000-8000 төгрөгөөр нэмэгдүүлэхийг тусгажээ. “Сүүлийн 10 жилд хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний үнэ өөрчлөгдөөгүй, гэтэл шатахууны ханш 2.5-3 дахин нэмэгдсэн. Үүнээс болж алдагдалтай ажиллаж байна” гэж тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл онцлов. Холбооны тэргүүн Т.Хүрэлхүү “Тээвэрчид төрөөс нэг ч төгрөгийн дэмжлэг авдаггүй. Дээр нь орон нутаг руу байнга хүн яваад байхгүй учраас автобусны суудлын дөнгөж 55-69 хувь нь л дүүрч, орон нутгийг зорьдог. Иймээс үнэ нэмж, тээвэрчдийг бодлогоор дэмжих хэрэгтэй” гэв.
Хоёр талын байр суурийг тэнцвэртэй хүргэх үүднээс Авто тээврийн үндэсний төвийнхнөөс үнэ нэмэх үндэслэл бий, эсэхийг тодруулсан юм. “Бид орон нутгийн тээврийн өртгийн судалгаа болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын зардлын тооцооллыг чиглэл тус бүрээр гаргахаар ажиллаж байна” гэж тус байгууллагынхан хэлэв. Мөн үнэ нэмэхэд буруудахгүй гэсэн санаа цухалзуулсан юм.