Г.Равжаа
АН-ыг 2012-2016 онд Засгийн эрх барьж байхад БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэнд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд гэм буруугүй гэж үзэн цагаатгалаа.
Түүнийг 2016 оны дөрөвдүгээр сард АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хууль бус шийдвэр гарган, давтан үйлдлээр бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн юм.
Тухайн үед эх сурвалжууд “Р.Эрдэнэбүрэн барилгын материал үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрлэлээ өргөтгөх, барилгын гол нэрийн материалыг дотоодоос тогтвортой нийлүүлэхэд зориулж 71 компанид 174.7 тэрбум төгрөг, зайлшгүй импортлох шаардлагатай барилгын материалын улирлын шалтгаантай нийлүүлэлтийн хязгаарлалтыг арилгахад зориулж 55 компанид 125.4 тэрбум төгрөг гээд 300 гаруй тэрбум төгрөгийн зээлийг “Үнэ тотворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд авч түүнийгээ хуваарилахдаа бусдаас хахууль авсан байж болзошгүй хэмээн буруутгасан” гэж байсан юм.
Харин нийслэлийн Прокурорын газраас Р.Эрдэнэбүрэнд Эрүүгийн хуулийн 22.10-ын нэг дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хөрөнгө, орлогоо их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй” хэмээн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм билээ. БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн “Номин констракшн” компаниас 380 сая төгрөгөөр орон сууц худалдан авсан бөгөөд үүнийхээ хөрөнгийн эх үүсвэрийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй аж.
Эхнэр нь “Үнэт эдлэл борлуулсан, дүүгийнхээ орон сууцыг худалдсан, хувиараа бусдад мөнгө зээлсэний төлбөр, найз Ж.Гантөгсөөс зээлсэн мөнгө” гэх мэтээр тайлбарлаж байсан гэнэ. Харин Р.Эрдэнэбүрэнтэй хамт шүүгдэгчийн ширээнд суусан Ж.Гантөгс мөрдөн байцаалтын явцад “Энэ байр минийх биш, Эрдэнэбүрэнгийнх. Бидний хооронд ямар нэг өр авлага, бие биедээ мөнгө зээлсэн тохиолдол байхгүй. Р.Эрдэнэбүрэн болон эхнэртэй нь хамтарч бизнес эрхэлж байгаагүй. Байрны төлбөрийг хэрхэн төлсөн талаар мэдэхгүй” гэж байж. Сүүлдээ “380 сая төгрөг цувуулж авсан, одоо болтол төлөөгүй” гэж мэдүүлэх болжээ. Сүүлчийн мэдүүлэгт нь үндэслэн шүүх тэднийг цагаатгасан гэнэ.