УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ болон М.Болортуяа нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн баасан гарагаас эхлэн хэлэлцэж байна. Энэ сарын 6-нд тэдэнд холбогдох хэргийг хэлэлцэхээр товлосон ч шүүгдэгч З.Баянсэлэнгэ тус шүүхийн ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг тэргүүтэй шүүх бүрэлдэхүүнээс татгалзсанаар тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм.
Улмаар өнгөрсөн баасан гарагийн 09.00 цагт товлосон бөгөөд тухайн өдөр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар, Сангийн сайд асан С.Баярцогт, ТОСК-ийн захирлаар ажиллаж байсан А.Гантулга, ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаад саяхан ҮХЦ-ийн гишүүн болсон Ш.Солонго, “Бэрэн групп”-ийн захирал Б.Мөнхтөр зэрэг хүмүүс гэрчийн мэдүүлэг өгснөөр хурал завсарласан байна.
Харин өчигдөр үргэлжилсэн шүүх хурал яллах, цагаатгах нотлох баримтуудыг нь шинжлэн судалж дуусаад 18.00 цагийн үед завсарлажээ. Өнөөдөр улсын яллагч ялын саналаа танилцуулж, өмгөөлөгч нар санал шүүмжлэлийг нь хэлэлцэн, шүүгчид шийдвэрээ гаргах бололтой.
З.Баянсэлэнгийг албан тушаалаа ашиглаж, “Бэрэн групп”-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлынхыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт буруутган шүүж байгаа юм.