Д.Дайчин
МАН-ын удирдах албан тушаалтнууд төрийн албан тушаалыг худалдаж 60 тэрбум төгрөг босгохыг завдсан гэх хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст дахин шалгаж эхэлжээ. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас ийнхүү шалгах болсон аж. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ сүүлийн үед энэ хэргийг сөхөж, УИХ-ын дарга М.Энхболдыг ард түмнээс уучлал гуй, хууль хяналтын байгууллага гэрчтэй, нотлох баримттай хэргийг хаалаа хэмээн мэдэгдэх болсон.
Өмнө нь уг хэргийг НПГ-аас хэрэгсэхгүй болгохдоо Г.Доржзодовын хийсэн гэх бичлэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн дагуу эх хувийг нь бусад баримттай харьцуулж шинжлэх ёстой. Гэвч бичлэг хийсэн гэх гар утас нь байхгүй учраас дүгнэлт гаргах боломжгүй хэмээн үзсэн билээ.
Мөн энэ дуулианд нэр холбогдсон УИХ-ын дарга М.Энхболд, нийслэлийн ИТХ-ын дарга асан Ц.Сандуй, “Шинэ монгол хаад” компанийн захирал А.Ганбаатар тэргүүтэй хүмүүсээс тайлбар, мэдүүлэг аваад зогсохгүй тухайн үед уг компанийн байранд очоод дээрх бичлэгийг хийхэд байсан гэгдэх өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан зэрэг хүнээс ч гэрчийн мэдүүлэг авсан гэнэ. Тухайн үед Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар “Албан тушаал наймаалж, 60 тэрбум төгрөг босгох тухай яриагүй. Олон улсад ийм зүйл байдаг гэж ярьж байсан” хэмээн мэдүүлсэн гэж эх сурвалжууд мэдээлэл өглөө.
АТГ-ынхан энэ удаад өөр шинэ нөхцөл байдлын улмаас шалгаж эхэлсэн сурагтай.