Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах төв
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бие даан амьдрах гэж юуг хэлээд байна вэ? Хүмүүс гол төлөв эдийн засгийн хувьд бие даасан байдалтай байх гэж ойлгодог. Харин хөгжлийн бэрхшээлийн “нийгмийн загвар”-ыг баримталдаг хүмүүсийн хувьд “бие даах” гэдэг үг өөр утгаар хэрэглэгддэг. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрөө бие даан шийдвэр гаргаж, сонголт хийнэ гэсэн үг юм. Халамжийн тогтолцоотой орнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэд удаан хугацаагаар асрамжийн газарт хоригддог байсан бодит түүх бий.
Өөрсдийгөө жирийн хүмүүсийн адил амьдрах боломжгүй гэж үзсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд асрамжийн газарт очиж, бусдын тусламжтайгаар амьдрахыг илүүд үздэг байжээ. Асрамжийн газарт орсноор хооллох, усанд орох, унтах амрах, асаргаа үйлчилгээ үнэ төлбөргүй авах боломжтой. Тиймээс асрамжийн газарт санаа амар амьдарч болно.
Нөгөөтэйгүүр ийм маягаар амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд байхгүй нэг зүйл бол “эрх чөлөө” юм. Асрамжийн газар амьдрах юм бол тэр газрынхаа дүрэм журамд захирагдах хэрэгтэй болдог. Өглөө босохоос авахуулаад хоол идэх, бие засах, усанд орох, салхинд гарах гээд бүгд тогтсон цаг, хяналтан дор явагддаг бөгөөд гадагш гарах, эргэлт авах нь хязгаарлагдмал байдаг ажээ. Ихэнх хөгжлийн бэрхшээлтэй иргэн энэхүү хараа хяналтыг тэвчилгүй, өөр өөрийн гэртээ амьдрахыг хүсч байсан.
Мөн бусдын адил өөрийн гэсэн шийдвэрийг гаргаж, сонголт хийхийг хүсдэг байжээ. Өнөө үед хөгжлийн бэрхшээлтэй хүний өөрийн гэсэн бие даасан шийдвэрийг хүндэтгэн үзсэнээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрийн газар орондоо бие даан амьдрах боломжийг бүрдүүлсэн бие даан амьдрах төвүүд нэмэгдсээр байна.
Америк, Япон, Англи зэрэг хөгжингүй орнуудаас гадна Тайланд, Филиппин, Өмнөд Африк, Коста Рика гээд дэлхий даяар өргөн дэлгэрч байна. Монголд бие даан амьдрах долоон төв 7 байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөр өөрийн нутаг дэвсгэртээ бие даан амьдрах сайхан цаг Монголд удахгүй ирнэ гэдэгт найдаж байна.
“Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”
Жайка ОУХАБ-ын мэргэжилтэн, Ахлах зөвлөх Чиба Хисао