Хичээлийн шинэ жил дөхөж, иргэдийн зорчих эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Тээврийн газраас авч буй зохицуулалт, арга хэмжээний талаар өнөөдөр мэдэгдэл хийлээ. Нийслэлийн тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэхдээ "8 дугаар сарын 25 буюу энэ хагассайн өдрөөс эхлээд нийтийн тээврийн тоог 10 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ бямба, ням гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэх болсонтой холбогдуулаад энэ арга хэмжээг авч байна. Энэхүү зохицуулалтыг хийснээр ажлын өдрүүдэд 959 нийтийн тээвэр үйлчилгээ үзүүлнэ. Автобус хоорондын хүлээх хугацаа 7-8 минутаас хэтрэхгүй байх болно. Мөн нэр бүхий чиглэлд орой үдэш автобусны цагийг уртасгасан. Үүнд: Шархад, Хужирбулан, Тахилт, Улаанхуаран, Их тойруу, Гачуурт, Дэнжийн мянга, Зайсан, Улиастай гэсэн чиглэлд үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгслийн сүүлийн буух цагийг 22.30-23.00 хүртэл уртасгасан цагаар ажиллуулана. Мөн автобусны өнгө үзэмж, цэвэрлэгээ, техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж байна. Хэрэв нийтийн тээврийн үйлчилгээ чанарын шаардлага хангахгүй байна гэж үзвэл 70044040 дугаарт автобусны зөрчил дутагдлыг мэдэгдэх, санал хүсэлтээ илэрхийлэх боломжтой" гэв.