Г.Орчлон
УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ болон БХБЯ-ны мэргэжилтэн М.Болортуяа нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн баасан гаргаас эхлэн хэлэлцэж, өчигдөр шийдвэрээ гаргалаа. З.Баянсэлэнгийг албан тушаалаа ашиглаж, “Бэрэн групп”-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын байрыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсын төсөвт 972.4 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт буруутгасан юм.
Шүүхийн хэлэлцүүлгийн явц болон мөрдөн байцаалтын шатанд З.Баянсэлэнгэ мэргэжилтэн М.Болортуяагаа “Хуралд орох гээд байна. Хурдан бичиг баримт бүрдүүл” хэмээн шахаж шаардсаар улсын төсвийн 972.4 сая төгрөг гаргуулах шийдвэрийг Засгийн газрын хурлаас гаргуулсан нь тогтоогдсон байна. Түүнчлэн тухайн байрандаа МАХН-ын гишүүн, дэмжигчээс гадна өөрийн хамаатныг оруулсан байсан бөгөөд тэднээс мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг авсан аж.
Тухайн үед хамаатных нь дүүгийн нөхөр согтуугаар АТГ-ын мөрдөн байцаагчийн ажилд саад учруулахыг оролдсон тохиолдол ч гарч байсан гэнэ. Засгийн газрын хурлын шийдвэрийн талаар тухайн үеийн сайд нар өнгөрсөн баасан гарагт гэрчийн мэдүүлэг өгсөн тухай бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Шүүх гурван өдөр хэлэлцээд шүүгдэгч З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарыг албаны эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, улсын төсөвт 972.4 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцов.
Улмаар 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2 дахь хэсэгт зааснаар З.Баянсэлэнгийг төрийн байгууллагад ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.2 сая төгрөгөөр, М.Болортуяаг төрийн байгууллагад ажиллах эрхийг нэг жил хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9 792 000 төгрөгөөр торгох ял шийтгэв. Харин улсад учруулсан 972.4 сая төгрөгийг “Бэрэн групп”-ээс гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.