Монгол эмэгтэй Оросын хилийг зөрчсөн талаар ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Забайкалийн хязгаар хариуцсан Хил хамгаалах газар мэдээллээ.
Дорнод аймгийн Чулуунхороот сумын харьяат хэдэн найз нөхөд нутгийнхаа Улз голын эрэгт наргиж, цэнгэжээ. Халамцсан улс хоорондоо түнжин хагарсан тул сум руугаа буцсан байна. Ингэхдээ хамт явсан нэгэн эмэгтэйг авч явахаа мартаж Улз голын хөвөөнд орхиж. Тус эмэгтэй сум руугаа хүрэх замыг хайж нэлээд явсан боловч харанхуйд төөрч Монголын хилийг даваад Оросын хилд нэвтэрсэн байна.
Тэрбээр Оросын Соловьёвск тосгоноос гарах гэрэл, чийдэнг Чулуунхороот сумынх нь гэж андууран тэр зүг шөнөжин алхсан байна. Үүр цайхын алдад Оросын хилчид Соловьёвск тосгоны ойролцоо явж байхад нь түүнийг саатуулж, төв байгууллагадаа хүргэн эмнэлгийн тусламж үзүүлжээ. Оросын хилийг санамсаргүй зөрчсөн эмэгтэйг Монголын талд хүлээлгэн өгсөн бөгөөд улсын хил зөрчсөн хариуцлагыг тэрбээр Монгол улсын хуулийн дагуу хүлээх юм байна.