Ү.Одонтуяа
Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн суралцах зургаан настнуудыг өчигдрөөс бүртгэж эхэллээ. Нийслэлийн хэмжээнд төрийн өмчит ерөнхий боловсролын 126 сургууль бий бөгөөд нийт 34 368 хүүхэд нэгдүгээр ангид элсэх аж. Үүнтэй холбогдуулан бид зарим сургуулийн бүртгэлийн үйл явцыг сурвалжиллаа.
Хотын төвд байрлах Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуульд бүртгэлийн үйл ажиллагаа эмх замбараатай, дараалалгүй байлаа. Тус сургуульд хоёр хорооны нийт 360 гаруй зургаан настан бүртгүүлэх ёстой аж. Элсэгчдийн бүртгүүлэх цаг, хуваарийг сургуулиас урьдчилан гаргажээ. Энэ нь өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад Бүртгэлийн комисс, эцэг, эхийн цагийг хэмнэсэн, аль аль талдаа хүндрэлгүй зохицуулалт боллоо гэж иргэд ам сайтай байв. Зарим эцэг, эх шаардлагатай бичиг баримтаа дутуу бүрдүүлснээс буцах тохиолдол цөөнгүй гарч байгааг Бүртгэлийн комиссынхон онцоллоо.
Дарь-Эхийн гэр хороололд байрладаг 39 дүгээр сургуулийн хувьд ч ачаалал харьцангуй бага байгааг багш нар нь хэлэв. “Эхний өдөр учраас иргэд тайван байгаа биз” гэж онцолсон. Үүнээс гадна “Орон нутгаас шилжин ирсэн иргэд шилжүүлэг хийлгээгүйгээс хүүхдээ сургуульд бүртгүүлж чадахгүй олон хоног хүлээдэг юм байна. Энэ асуудлаар хэнд хандахаа мэдэхгүй юм” гэх эцэг, эх цөөнгүй тааралдлаа.
Энэ талаар тус сургуулийн бага боловсролын сургалтын менежер И.Мөнхцэцэгээс тодруулахад “Бид дүрэм журмын дагуу харьяа хорооныхоо хүүхдүүдийг эхэлж бүртгэдэг. Манай хамран сургах тойрогт 358 хүүхэд бий. Тэднийг бүртгэсний дараа анги дүүргэлт, яамнаас ирэх зааврыг харгалзан, харьяа бус оршин суугчдын хүүхдүүдийг нь элсүүлж болно” гэв. Бүртгэл энэ сарын 30-ныг дуустал болно.
Хүүхдээ сургуульд бүртгүүлэхдээ аав, ээжүүд өөрсдийн иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, цээж зургийг авчрах шаардлагатай. Мөн оршин суугаа байрны батламж бичгийг хавсаргах хэрэгтэй аж. Эхний хоногт шинэ элсэгчдийн ердөө 10 хувь нь л бүртгүүлэхээр ирж буй нь хангалтгүй үзүүлэлт төдийгүй, хугацаа дуусах дөхөхөөр эцэг, эхчүүд урт дараалал үүсгэдэг өмнөх жилүүдийн алдааг давтахгүй байхыг сургуулийн удирдлага, болон холбогдох албаныхан энэ үеэр санууллаа.