Г.Гэрэлтнаран
Монголын залуучуудын өдөр жил бүрийн наймдугаар сарын 25-нд тохиодог. Уг өдрийг тохиолдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Залуучууд хөгжлийн газар хамтран Залуучуудын хөгжлийн аян өрнүүлж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалын дагуу энэ онд улсын хэмжээнд залуучуудын хөгжлийг дэмжих 32 төв байгуулжээ.
Эдгээр төвийнхөн давхардсан тоогоор 65 636 хүнд хүрч ажилласан гэнэ. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Аяны хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн Залуучуудийн хөгжлийн төвийг олон нийтэд танилцуулна. Энэ сарын 25-нд Залуучуудын байгууллагын гурван үеийн хүндэтгэлийн уулзалт, 28-нд Залуучуудын хөгжлийн IV чуулган зохион байгуулна” гэлээ.
Аяны хүрээнд ямар, ямар үйл ажиллагаа зохион байгуулах талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын ахлах мэргэжилтэн Т.Уянга “Энэ сарын 24-28-нд зорилтот бүлгийн залууст амьдрах ухааны чадвар олгох сургагч багш бэлтгэх сургалт явуулна. Мөн оюутан залуусыг цагийн болон тогтмол ажлын байранд зуучилна. Хуульчдын холбоодтой хамтарч залууст тулгамдаж буй асуудлын талаар зөвлөгөө өгөх юм. Түүнчлэн ирэх сарын 10-30-нд “Шинэ оюутан” өдөрлөгийг арван сургуульд зохиох болсон” гэв.