Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанд 13 яам, 12 агентлаг, НЗДТГ-т хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулж, илэрсэн зөрчлүүдтэй холбогдуулан Засгийн газраас тогтоол гаргаж байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Засгийн газраас дэг журмыг чангатгах, сахилгын тогтоол гаргалаа. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас Төрийн албаны тухай хуулийг шинэчилэн баталсан нь 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Мөн Засгийн газраас НҮБ, Төрийн албаны зөвлөлтэй хамтран "Иргэн төвтэй мэргэшсэн төрийн албаг бэхжүүлэх нь" гэсэн төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 47 журмыг шинэчилж, үнэхээр мэргэшсэн, мэдлэгтэй чадвартай хүнийг сонгон шалгаруулж төрийн албанд ажиллуулна. Төрийн байгууллагуудын дотоод дэг журмыг чангатгах шаардлагатайг сүүлийн үед гарсан хэрэг зөрчлүүд нотолж байна. Тиймээс цаашдаа үзлэг шалгалтыг сар бүр болон гэнэтийн байдлаар төрийн байгууллагуудад явуулж байхыг холбогдох албаныханд даалгалаа. Сая хийгдсэн шалгалтаар орлон гүйцэтгэгчдийн асуудлыг шийдэх, байгууллагын дотоод дэг журмыг чангатгах дараагийн Засгийн газрын хуралдаанд гадаад, дотоод томилолтуудын мэдээллийг нарийвчлан шалгаж оруулж ирэх даалгаварыг өглөө.
Мөн төрийн байгууллагын ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон тэсэрч дэлбэрэх бодис, мэс болон хүйтэн зэвсэг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэхийг хатуу хориглож байгаа. Нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд сахилгын хариуцлага тооцож, хадгалж, хэрэглэсэн нь тогтоогдвол шууд ажлаас халах шийтгэл ногдуулахаар боллоо. Үүний хэрэгжилт үлгэр жишээ болж Төрийн ордноос эхэлнэ" хэмээн хэллээ.