Монголын Үйлдвэрчний Эвлэл, гишүүн байгууллагуудын хамтаар 9 дүгээр сарын 3-наас орон даяар хамтын маргаанаа үргэлжлүүлэх болсон талаараа өнөөдөр хэвлэлд мэдээлэл хийлээ.
МҮЭ-ийн өгсөн мэдэгдэл:
Төрийн албан хаагчдын цалинг 8 хувиар цалин нэмнэ гэдэг тэртэй тэргүй олгох байсан 56 тэрбум төгрөгийн урамшууллаа л олгож байгаа хэрэг. Бид эсэргүүцэж байгаа тул Есдүгээр сарын 3-наас орон даяар хамтын маргаанаа үргэлжлүүлнэ. Энэ хугацаанд Засгийн газар дахин арга хэмжээ авах шаардлагатай. Найман хувь гэдэг 2018 оны инфляцийг хаахтай үгүйтэй л тоо. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд цалинг нэг ч удаа нэмээгүй. Валютын ханш, төгрөгийн ханштай харьцуулж үзвэл 37,5 хувиар ам.доллартай харьцах ханш унасан. Ингээд бодвол 37,5 хувиар цалин нэмж байж худалдан авах чадварыг 2014 оныхоор хадгалж үлдэж чадах болно.
Монгол Улсад хөдөлмөрийн мөлжлөгийг зогсоох ёстой.
Эрүүл мэндийн салбарын ҮЭ мэдэгдэхдээ:
Сувилагч нарын цалинг 20-30 хувь нэмж байгаа нь чамгүй амжилт. Гэвч эмч нарын цалинг хэдэн хувиар, хэдийнээс эхэлж нэмэх нь тодорхойгүй байна. Эмч нарын цалинг хэзээнээс шатлал нэмэгдүүлэх нь тодорхойгүй байна. Энэ шийдвэр тодорхой болох асуудлыг харзнаж байж бид ажил хаялтад нэгдэх эсэхээ шийднэ. Хэрвээ тодорхой хариу өгөхгүй бол бид ажил хаяхаар болоход тийм ч их хугацаа орохгүй. Гурав хоногийн өмнө мэдэгдсэн байхад л болно. Бид боловсролын салбарынхны ажил хаялтыг дэмжиж байна.