Насанд хүрээгүй хүүхдүүд сүүлийн үед гэмт хэрэгт холбогдох тохиолдол ихэсч байна. Дээрх асуудлаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга хошууч Д.Будзаанаас тодрууллаа.
-Насанд хүрээгүй хүүхдүүд гэмт хэргийн золиос болж байгаа тохиолдол өмнөх онтой харьцуулахад хэр их гарсан бэ?
-Насанд хүрээгүй иргэн гэмт хэрэгт холбогдох явдал өмнөх онтой харьцуулахад 20 орчим хувиар өссөн. Цахим орчинд л гэхэд бусдын нэр хүндэд халдсан, гэмт хэргийн шинжтэй хэрэг 2018 оны эхний долоон сарын байдлаар 100 гаруй бүртгэгдсэн.
-Энэ асуудалд ЦЕГ-аас урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байна вэ?
-Эрүүлжүүлэх байранд хүргэгдэж ирсэн оюутан, сурагчид өдөр бүр нэмэгдсэн судалгаа гарсан тул гэмт хэрэг зөрчилд дахин холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор сургуулийн захиргаанд нь мэдэгдэл хүргүүлдэг болох гэж байна. Ингэснээр оюутан, сурагчид архи согтууруулах ундаа хэрэглэж байгаа асуудалд боловсролын байгууллага давхар анхаарал тавьдаг болох юм.
-Оюутан залуусын дунд 21 нас хүрчихсэн иргэд байдаг. Согтууруулах ундаа хэрэглэсэн л бол сургуулийн захиргаанд нь мэдэгдэх үү?
-Согтууруулах ундаа хэрэглээд гэмт хэрэгт холбогдсон, эрүүлжүүлэхэд хүргэгдсэн тохиолдолд мэдэгдэх юм. Монгол улсад ял эдэлж байгаа нийт хүмүүсийн 80 хувь ид хөдөлмөрлөж бүтээх насны 18-35 насны залуус байдаг гэсэн харамсалтай статистик байдаг.
-Олон нийтийн хэрэгслээр нэг, нэгнээ гутаан доромжлох, нүцгэн зургаа алдах, санаатай явуулж биеэ үнэлэх зэрэг зүй бус үйлдэл гардаг болжээ. Насанд хүрээгүй иргэн холбогдох тохиолдол байдаг уу?
-16,17 настай охидууд интернэт фэйсбүүкээр холбогдож, биеэ үнэлж байгаа хэргүүд бүртгэгдсэн. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалган ажиллаж байна.
-Цахим орчинд нууц мэдээллээ алдсан, гутаан доромжлуулсан насанд хүрээгүй иргэнийг хэрхэн хамгаалж болох вэ?
-Зургаан настай хүүхэддээ эцэг, эх нь фэйсбүүк хаяг нээгээд өгчихсөн байдаг. Үүний үр дүнд бага наснаасаа цахимд нэгдсэн хүүхэд гэмт хэргийг хохирогч болох эрсдэлтэй. Мөн эрүүл мэндийн хувьд ч сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд дэлгэцийн донтолттой болдог. Цахим орчинд хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Үүнд эцэг, эхийн хараа хяналт хамгийн чухал. Бүтэн жилийн хугацаанд танихгүй хүнтэй цахимаар харилцаад гэмт хэргийн хохирогч болчихоод байхад эцэг, эх мэдээгүй байсан хэрэг гарсан. Тиймээс бид цахим орчинд гэмт үйлдэлд уруу татсан пэйж хуудсуудыг цагдаагийн байгууллагаас хааж байгаа. “Зугаатай залуус”, “+18”, “+21”, “Архи согтууруулах ундаа шөнийн цагаар хаанаас олж болох вэ” гэх зэрэг олон нийтэд сөрөг мэдээлэл тарааж буй цахим хуудсуудыг хаасан ч шинээр нээгдэж байгаа тул иргэд өөрсдөө орохгүй байхыг анхааруулж байна.
.