Өмнөговь аймгийн Тавантолгойн замд түгжрэл үүсч, 100 км урт цуваа үүссэн асуудлаар өнөөдөр "Баян зам" тээвэрчдийн холбооноос мэдээлэл хийлээ. Хил гааль дээр тээвэр ачилтыг хариуцсан байгууллагуудын зохицуулалт, уялдаа холбоогүй байдлаас шалтгаалж, Цагаан хад орчимд байнгын түгжрэл үүсээд байгаа гэнэ.
Энэ талаар "Баян зам" тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн М.Нямжав хэлэхдээ "Нүүрс тээвэрт оролцоотой зохих байгууллагуудын мэдээллээр нийт 130 орчим ААН-ийн 10000 гаруй тээврийн хэрэгслийн 60 орчим хувь нь хил гааль дээр түгжрээд байна. Эдгээрээс 3000 орчим жолооч НАБ-ын талбайн гадаа гаалийн бичиг хүлээн 3-4 хоног зогсохдоо нүүрс, тортог тоосон дунд байнга зогсож эрүүл мэндээрээ хохирч байна. Тиймээс цагаан хаданд нэвтрэх замыг салаалах өөр урсгалтай болгох хэрэгтэй байна.
Нүүрс тээвэрлэлт гарч буй хүндрэлийн гол зангилаа нь Хятад улсын нүүрс таталттай холбоотой боловч одоо үүсээд байгаа бас нэг хүчин зүйл бол замыг салаалуулах асуудал юм. Энэ талаар үнэн бодит нөхцөл байдлыг нуун дарагдуулж байгаа тул бид хэвлэлийн хурал хийж байгаа бөгөөд Засгийн газарт шаардлага хүргүүлэх болно" гэв.
Хэвлэлийн хурлын бичлэгийг хүргэж байна.