Нийтийн эзэмшлийн талбайд байгуулсан зарим авто зогсоолын үйл ажиллагаа эрхэлж буй ААН-үүд амралтын өдрүүдээр зогсоолоо хааж, байнгын үйл ажиллагаа явуулахгүй тохиолдлууд гарч байгааг иргэд гомдоллох болсон. Тэгвэл хотын удирдлагаас шалгалт хийж, тэдгээрийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа. Тухайлбал Сүхбаатарын талбайн урд талд авто зогсоолын үйл ажиллагаа явуулдаг “Ю Би Констракшн” ХХК-ийн ажиллах цагийн хуваарь өөрчлөлт оруулж, зогсоолын үйл ажиллагааг 7 хоног тасралтгүй явуулах, ажлын өдрүүдэд өглөө 07.00-23.00 цаг, амралтын өдрүүдэд 08.00-22.00 цагийн хооронд иргэдэд үйлчилгээ үзүүлж байхаар захирамж гаргалаа. Уг зогсоол нь хотын төвд байрлах хамгийн том буюу 200 авто машины багтаамжтай зогсоол хэдий ч амралтын өдрүүдээр үйл ажиллагаагаа зогсоож, машин зогсоолдоо оруулахгүй, иргэдийг бухимдуулах байсан бол иргэдэд үйлчлэх цагийн хуваарьт нь өөрчлөлт оруулсан байна.