Б.Идэр-Одыг уншигчид “С1” телевиз, “Старт ап Монголиа” ТББ-ын хамтран бэлтгэсэн “Бизнесын гараа” цуврал нэвтрүүлгийг хүргэж, өнгөрсөн жил “Монгол HD” телевизийн зохион байгуулсан “Шарк танк” нэвтрүүлгийг хөтлөн үзэгчдийг дэлгэцийн өмнө “уясан”-аар нь таньж буй биз.
Тэрбээр шаггүй бизнес эрхлэгчийн дээр туршлагатай багш. Түүнчлэн хоббигоороо сүүлийн үед залуусын сонирхлыг татаж буй хошин урлагийн нэг төрөл болох стэнд апаар үзэгчдийг хөгжөөгч нэгэн юм. Түүнтэй ярилцлаа.
-Нисэхийн инженер мэргэжилтэй гэж сонссон. Хаана сурсан бэ?
-АНУ-д Канзасын их сургууль төгссөн. Таван жил сурсан.
-Төгсөөд мэргэжлээрээ ажиллаж үзэв үү?
-МИАТ компанийн Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний газарт гурван жил ажилласан. “Бойнг 767”, “Бойнг 737” онгоцнуудад анхан шатны завсар, үйлчилгээний инженерээр ажиллаж байв. 120 гаруй инженертэй том багт ажилладаг байлаа. Одоо улам өргөжиж 180 шахам инженертэй болсон гэсэн.
-Нэлээд олон төрлийн бизнес эхэлсэн ч босгож чадалгүй шатсан. Гэсэн ч дахин шинэ зүйл оролдож, туршсаар байгаа юм билээ. Одоо мөн л хэд хэдэн ажил давхар эрхэлдэг гэсэн байх аа?
-“Фаро” сургалтын төв ажиллуулдаг. Жилд 3000 гаруй хүнд англи хэл заадаг. Гадаадын дөрвөн улсын их, дээд сургуульд 100 гаруй оюутныг тэтгэлэгт хамрагдахад нь зуучилдаг. Мөн “Колл про” гэж компанитай. Тав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Монголын 400 компанийн дуудлагын төвийг автоматжуулдаг.
-Залуу хүн бие даан бизнес эрхлэхэд ямар бэрхшээл тулгардаг вэ?
-Би Монголыг гарааны бизнес эхлэхэд их тохиромжтой гэж үздэг. Хамгийн чухал нь ямарваа шинэ зүйл туршихад их зохимжтой. Манайхан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хурдан хүлээж авдаг, сониуч хүмүүс.
-Бүтэлгүйтэх бүртээ л маш их харамссан байх. Сэтгэл хамгийн их гогдсон бүтэлгүйтэл чинь аль нь вэ?
-Хоёр удаа бүтэлгүйсэн. Оюутан байхдаа АНУ-аас хувцас оруулж ирэн хувцасны дэлгүүр ажиллуулах гээд бүтэлгүйтсэн. Дараа нь цахим аппликейшн хийдэг компани байгуулаад мөн дампуурсан.
Нэгдүгээрт, зорилтот зах зээл нь гадаадад, хоёрдугаарт, тооцоогүй байснаас болж алдсан юм. Америкчууд “Ашгүй залуудаа алдаад авчээ. Үүн шиг үнэтэй сургамж гэж юу байх вэ” гэдэг. Туршлага болоод л үлдэж байгаа юм.
-“Гарааны бизнес” нэвтрүүлэг хөтөлдөг байсан. Нийт хэчнээн дугаар үзэгчдэд хүргэсэн бэ. Мөн сүүлд “Монгол HD” телевизийн “Шарк танк” нэвтрүүлгийг хөтөлсөн.
-Хоёр жил гаруйн хугацаанд үргэлжилсэн төсөл. Тухайн үед “C1” телевиз, VTV суваг, “Бизнес” радиогоор олны хүртээл болгож байв. Нийт 80 дугаар бэлтгэж хүргэсний 50 гаруй нь Youtube цахим хуудсанд бий.
Удахгүй “Шарк танк” нэвтрүүлгийн хоёр дахь цувралыг үзэгчдэд хүргэнэ. Нэвтрүүлгийн зургийг өнгөрсөн бямба гаргаас авч эхэлсэн.
-Нэвтрүүлгийнхээ далимаар 80 гаруй бизнес эрхлэгчтэй ярилцаж байжээ. Тэднээс маш их зүйл сурч, шинэ санаа, ажиллах арга барил сурсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Тэдний бизнесийн замналыг сонсож, алдаа оноонд нь дүгнэлт хийнэ. Зөвхөн бизнес гэлтгүй хувь хүний хөгжил талаас тэднээс суралцах зүйл бишгүй.
-Бизнес эрхэлж, хүмүүсийг удирдаж буй хүн ямар байх хэрэгтэй вэ?
-Миний бодлоор хамгийн чухал нь хэнд юуг хэрхэн зарахаа маш сайн мэддэг байх хэрэгтэй. Мөн хүмүүст хэрэгтэй зүйл хийдэг байх хэрэгтэй. Түүнчлэн хийж буй ажилдаа итгэлтэй, сэтгэлтэй байх ёстой гэж боддог.
-Бизнес эрхэлдэг хүн хувийн зохион байгуулалт, төлөвлөгөө сайтай байх. Та хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
-Эрхэлж буй бизнесийнхээ зорилтуудыг нэг, нэг жилээр төлөвлөх нь их үр дүнтэй санагддаг. Харин өөрийн хийх ажлаа долоо хоногоор төлөвлөдөг. Өмнөх өдөр нь төлөвлөгөөгөө харж, жагсаалт гарган амжуулдаг даа.
-Тэгвэл хувийн амьдралаа төлөвлөдөг үү?
-Наадахыг чинь төлөвлөж чаддаггүй. Яах вэ, бүдүүн тойм зүйл бий. Төдөн жилийн дараа гадагшаа явж суръя. Тийшээ, тэгж аялна гэхчлэн.
-Төлөвлөсөн ажил өөрөөс биш, бусдаас шалтгаалан биелэхгүй байх үе бий. Тийм үед бухимддаг уу?
-Хариуцлага алдсан хүн алдаандаа гэмшихгүй байвал уурлана. Тийм хүнтэй хамтарч ажиллахад хүртэл их бухимддаг. Алдаандаа гэмшиж, түүнийгээ залруулах арга хэмжээ авч буй хүнд хэт хатуурхах шаардлагагүй.
-Түргэн ууртай байх нь ээ?
-Улаанбаатарт удах тусам л ууртай болох гээд байна. Тиймээс хөдөө явж стрессээ тайлдаг. Сайхан аялж, амарч, уужуу амьсгаа авчихаад ирэхэд ажиллах эрч хүч илүү нэмэгддэг. Сүүлд баруун таван аймгаар аяллаа. Говийн аймгуудаар явлаа.
-21 аймагт бүгдэд нь очиж үзсэн үү. Таны сэтгэлд хоногшсон, очих дуртай ямар газар байдаг вэ?
-15 аймагт очсон. Хөвсгөл далай л хамгийн сайхан. Уулын ам бүрээс нь горхи урсдаг, хэчнээн сайхан байгальтай билээ.
-Гадаадын хэчнээн оронд очиж байв?
-Европын орнуудын бараг ихэнхэд нь очсон. АНУ-ын талаас илүү мужид нь очиж үзсэн. Хятад, Япон, Солонгос зэрэг Азийн бар гэгддэг орныг үзсэн. Африк, Ойрхи Дорнод руу огт зүглээгүй.
-Энэ орны ийм, тэндхийн тийм чадварыг манай залуус эзэмшээсэй гэж хардаг байх.
-Байнга л харна. Хамгийн наад зах нь герман залуус хэзээ ч хүнд чадахгүй зүйлээ амладаггүй. Хэзээ ч, хэчнээн дотнын найз байлаа ч сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргаж, худал амладаггүй. Япончуудад авууштай чанар олон. Ямар ч ажлыг чин сэтгэлээсээ хийдэг.
Америкчууд хэзээ ч хүнээс үнэгүй зүйл авдаггүй. Хүнээс тусламж авсан бол дараа нь хариуг нь барьж, талархлаа илэрхийлдэг. Энэ мэтчилэн чанаруудыг өөртөө суулгахыг хичээдэг юм.
-Хаана амьдрахад хамгийн таатай байсан бэ?
-Хүний аз жаргалтай байдаг газар бол эх орон шүү дээ. Яах вэ, илүү алсыг харъя, хөгжиж амьдаръя гэвэл АНУ, тэр дундаа Калифорни мужид очно. Их өөдрөг, их алсын хараатай хүмүүс байдаг мэт санагддаг. Европын улсуудын нийгмийн халамж, үйлчилгээ ямар билээ. Бухимдах зүйлгүй, тайван.
-Та “Фаро” сургалтын төвдөө багшилдаг. Хүүхдүүдтэй ажиллах сайхан уу?
-Багшлах сайхан. Багшийн ёс зүйн журмаа ягштал мөрддөг хариуцлагатай багш шүү, би.
-Хүмүүс таныг “UB comedy”-гийн Идэрээ гэдгээр илүү мэднэ. Стэнд ап хэмээх төрлийг хэзээнээс сонирхож эхэлсэн бэ?
-2012 оноос сонирхож, 2014 оноос тайзан дээр гарсан. АНУ-д сурч байхдаа гадаад оюутнуудын зугаалгын үеэр анх онигоо ярьж, олны өмнө гарсан юм. Маш их сандарсан ч хүмүүс гоёор хүлээж авсан болохоор урамшсан шүү. Түүнээс хойш илүү сонирхсон доо.
-Хошин урлагийн тоглолт, киноны харилцан яриа, дүрүүдийн хэлсэн үг тренд болох нь бий. Сүүлийн үед таны үзүүлбэрийн үг, хэллэгийг залуус их хэрэглэдэг болсон байна лээ.
-Өөрт сонсогдох нь ховор шүү дээ. Сайн мэдэхгүй юм.
-Үзүүлбэрүүдийнхээ сэдэв, санааг хаанаас, хэрхэн олдог вэ?
-Нийт санааны 80 орчим хувь нь амьдралаас ургасан, болсон явдал, ойр хүмүүсийн ажиглалтад тулгуурлана. Олсон санаагаа гар утсандаа түлхүүр үгсээр тэмдэглэчихдэг юм.
Сургуулилалт хийлгүйгээр шууд тайзан дээр ярих нь илүү үр дүнтэй мэт санагддаг. Үзэгчдийн хэрхэн хүлээн авч байгаагаас шалтгаалан засаж, хөгжүүлдэг.
-Тайзан дээр байхдаа юу мэдэрдэг вэ. Хүмүүсийн инээж байгааг харах гоё байх.
-Аз жаргалын гармон ялгардаг байх. Их л сайхан санагддаг.
-УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл таны ээж. Өнгөрсөн гуравдугаар сард хийсэн танай тоглолтыг ээж тань үзсэн. Хоббиг тань хэр ойлгож, дэмждэг вэ?
-Стэнд ап бол Америкийн үндэсний урлаг гэхэд хилсдэхгүй. Ээж минь АНУ-д хоёр ч их сургууль төгссөн, аав минь америк хүн болохоор урлагийн энэ төрлийг маш сайн ойлгодог. Тэмдэглэлт баярын өдрүүдэд зориулсан тоглолтуудыг маань ээж ирж үздэг.
-Та бизнес эрхлэгч, багш, бас инээдмийн жүжигчин. Алинаар нь дуудуулах дуртай вэ?
-Ялгаагүй дээ. Бизнес бол миний амьдралаа залгуулж буй хэрэгсэл. Харин хоббигоороо инээдмийн жүжигчин болсон. Ингэж дуудуулах илүү дуртай.
-Амьдралдаа эрсдэлтэй алхам хэр олон удаа хийж байв?
-Бие махбодын хувьд тийм үйлдэл хийхээс халгадаг. Харин бизнес, ажлын хувьд эрсдэл гаргах үе бий.
-Шийдвэр гаргахдаа хэр удаан боддог вэ?
-Сүүлийн үед хамтрагчид, гэр бүлийнхэнтэйгээ их зөвлөдөг болсон. Өмнө нь толгой мэдэн шийдэж, амьдралд “шанаадуулсан” үе бишгүй бий. Хурдан, түргэндээ гол нь биш, олон талаас нь эргэцүүлэхийг хичээдэг.
-Урам зориг, эрч хүч авдаг зүйл тань юу вэ?
-Хамгийн том хүч бол гэр бүлийн хайр, сургамжит үгс. Мөн хамтрагч, найзуудын дэм. Би залуу байна шүү дээ. Ер нь нэг их гунигладаггүй. Холын зорилгоо ойлгож, мэдсэн хүн ойр зуурын зүйлд шантрахгүй зүтгэдэг мэт санагддаг.
-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ. Өдөрт хэдэн цаг ажилладаг вэ?
-Шинэ зүйл сурахаар төвлөрч байхад өглөө таван цагт ч босож ажиллах үе бий. Бусад үед өглөө 8.30 цагт босож хэвшсэн. Өдөрт 10-12 цаг ажилладаг. Гэхдээ хүн юуны ч төлөө, яаж ч ажиллаж байсан эрүүл мэндээ золиосолж болохгүй гэж боддог.
-Бичгийн хүний хүү юм чинь номтой ойр байж таарна. Хамгийн сүүлд ямар номны хавтас хаав?
-Бизнес хөгжилтэй холбоотой ном их уншдаг. Сүүлд “Гүүгл” компанийн хүний нөөцийн албаны даргын бичсэн томоохон корпорацууд хүний нөөцийн бодлогоо хэрхэн зангидаж, хэрэгжүүлдэг талаарх ном уншсан.
-Хүн үхэн үхтлээ суралцдаг. Одоо суралцахыг хүсэж, төлөвлөж буй зүйл тань юу вэ?
-Юун түрүүнд баг, хамт олныг удирдаж, ажилчдаа ойлгож сурах чадвар эзэмшихийг хүсэж байна. Зөвхөн ном уншаад олчихдог чадвар биш шүү дээ. Хууль зүйн чиглэлээр суралцахаар төлөвлөж байгаа.
Би ойрын арван жилд технологи болон боловсролын салбарт ажиллана. “Колл про” компанийнхаа үйлчилгээг тэлж, шинэ бүтээгдэхүүн гаргаж буй. Үүнд бүтээгдэхүүн хөгжүүлэх ажлууд хийнэ. “Фаро” сургалтын төвд суралцагсдын 90 орчим хувь нь насанд хүрэгсэд. Цаашид бага насны сурагчдад гадаад хэлний чанартай боловсрол олгохыг зорьж байна.