Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэх нь
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэх шаардлагатай. Аль эсвэл тэгтлээ хэрээс давсан ажил хийж хичээх хэрэггүй, гэртээ байсан нь дээр” энэ талаар та бүхэн ямар бодолтой байдаг вэ? Япон улсад хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн ажил хөдөлмөр эрхлэх нь зүйтэй гэж үздэг хүмүүс олон байдаг.
Нөгөөтэйгүүр тэтгэвэр тэтгэмж аваад амьдарсан нь дээр гэж үздэг хүмүүс ч цөөнгүй. Монголд энэ талаар юу гэж үздэг вэ? Миний таньдаг монгол болон бусад орны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дийлэнх нь өөрсдөө хөдөлмөр эрхлэхийг хүсдэг. Хөгжлийн бэрхшээлтэй гээд гэртээ суугаад байлгүй нийгэмд гарч, идэвхтэй үйл ажиллагаа явуулж, өөрийн ахуй амьдралд хэрэгтэй мөнгийг өөрөө олохын төлөө ажиллаж, хамт олон, найз нөхөдтэй болохыг хүсдэг хүмүүс олон байдаг.
Гэвч тэдгээр иргэдэд хандаж, “Хөгжлийн бэрхшээлтэй байж тэгтлээ ажиллах хэрэг байгаа юм уу? Бусад хүмүүст төвөгтэй биш үү?” гэх хүмүүс ч бас байдаг. Яагаад тэгж бодож байна вэ?
Хөгжлийн бэрхшээлтэй гэхээр зовлонтой, азгүй юм шиг санаж, ажиллах газар ч олдохгүй, ажиллаж ч чадахгүй гэж үзэх нь маш өнгөц бодол юм. Хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүй, эрэгтэй, эмэгтэй, өндөр настай нь хамаагүй ажиллахыг хүсэх л юм бол ажиллах боломжтой нийгэм нь илүү өндөр бүтээмжтэй, тогтвортой байдаг.
Гадны орнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхэлдэг төрөл бүрийн туршлагууд бий. Сүүлийн үед өндөр настнуудын хөдөлмөр эрхлэлт нэмэгдсээр байна. Нийгэмд идэвхтэй байр суурьтай хөгжлийн бэрхшээлтэй манлайлагч, хөдөлмөр эрхлэгчдийн тоо нэмэгдсэнээр хөгжлийн бэрхшээл, нас, хүйс, арьсны өнгөөс үл хамааран бүх хүн нийгмийн идэвхтэй харилцаанд оролцох боломжтой нийгмийг бий болгох чухал ач холбогдолтой.
“Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”
Жайка ОУХАБ-ын мэргэжилтэн, Ахлах зөвлөх Чиба Хисао