Автомашины ослоор амиа алдсан нэг гэр бүлийн долоон хүний ар гэрээс тэдний амь насыг хохироосон гэх жолоочийг хариуцлагаас чөлөөлсөн прокурорын шийдвэрийг эсэргүүцэж өнөөдөр Mongol News мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.
2016 оны наймдугаар сарын 5-нд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөтийн хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт 20 цагийн орчим автын осол болж нэг гэр бүлийн долоон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан.
Амиа алдсан жолооч бүсгүйн эгч Х.Алгирмаа хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ "Осол болохыг харсан гэрч А.Солонгын хэлснээр миний дүүгийн машиныг өөр нэг машин шахсаны улмаас эсрэг урсгалд явж байсан “Тоёота Ланд-200” маркийн автомашинтай мөргөлдөж, замын хажуу руу шидэгдэж осолдсон. Бид АТГ-т өргөдөл өгч тус байгууллагаас баг бүрэлдэхүүн гаргуулан уг осолд буруутай, шахсан машины жолоочийг жилийн дараа буюу 2017 оны есдүгээр сарын 29-нд олсон. Гэвч энэ хэрэг өдий хүртэл прокурорын байгууллага дээр гурван ч удаа хаагдан шүүх рүү шилжихгүй байна. Хэрэг үйлдсэн Ө.Цэцэгшагдар нь хэргээ хүлээх нь битгий хэл, амиа алдсан дүүд минь эрүү үүсгэн, хоёр жилийн дараа тус хэргийг хаагаад байна. Төв аймгийн прокурорын байгууллага дээр энэ хэрэг хаагдаад байгаа учир, шинжээчийг томилж Улаанбаатар хотод шийдвэрлэж өгөөч хэмээн хууль хяналтын байгууллагаас хүсэж байна" гэв.
Тус машинд түүний охин болох жолооч бүсгүй болон түүний хоёр хүүхэд, хадам аав, ээж, хадам эгч болон түүний 7 сартай хүүхдийн хамт явж байсан бөгөөд бүгд амиа алдсан юм. Төрсөн ээж аав, эхнэр хоёр хүүхэд, эгчийгээ алдсан түүний хүргэн хоёр жилийн турш шокийн байдлаасаа гарахгүй, сэтгэл санааны хувьд тун хэцүү байгаа гэсэн юм.
Амиа алдсан жолооч бүсгүйн ээж Ц.Бат-Өлзий нулимс дуслуулан хэлэхдээ "Би хоёр охинтэй эх хүн. Нэг охиныг маань хорвоогоос авч явсан хүний талд л прокурорын байгууллага ажиллаж байна. Охины маань машиныг шахсан Ө.Цэцэгшагдар жолоочийг АТГ-ын 14 хүний бүрэлдэхүүнтэй баг хайгаад гурав хоногийн дотор олсон. Ө.Цэцэгшагдар дөнгөж осол гаргасны дараа эхнэр нь болох хүн "Би чамд хэлсэн биз дээ, чи хүн алчихлаа шдээ" гэж машиныхаа дэргэд орилж, цээж рүү нь цохиж байсан гэдэг. Гэтэл машин шатаад эхлэхээр нь зугтаад суварга тойроод уул давсан гэсэн. Хэрэг хийсэн хүн гэмээ наминчлах гэж суварга тойрдог юм. Гэтэл миний өөд болсон охиныг буруутан болгон нэр дээр нь эрүүгийн хэрэг нээсэн энэ төрийн байгууллагын албан хаагчдад маш их гомдолтой байна. Гэрчтэй хэрэг байтал Ө.Цэцэгшагдар өөрөө өөртөө гэрч болж мэдүүлэг өгсөн" гэв.
Мөн прокурорын газар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тэдний гэр бүлд хэргийн материалтай ч танилцуулаагүй бөгөөд "Та үүн дээр гарын үсэг зураад хариад унш" гэж тулган шаарддаг гэнэ.
Хэвлэлийн хурлын бичлэгийг хүргэж байна.