Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ынхан хаалгаа түгжиж, иргэдийг гаднаа зогсоочихоод, зуудаг нохой шиг аймаар хамгаалагчдаар мануулдаг юм байна. Өчигдөр 12.50 цагийн үед тус дүүргийн ЗДТГ-ын байрны үүдэнд очоод жирэмсэн эмэгтэй, таяг тулсан хөгшид хамгаалагч нарт нь “туугдан” зогсохыг харлаа. “Цайны цагаар хэнийг ч бүү оруул” гэж Тамгын газрын дарга Н.Энхболд нь үүрэгдсэн гэнэ.
Цайны цагаар хаалгаа түгжихгүй бол иргэд мал шиг бэлчдэг гэх юм. Сураг сонсох нь ээ, зөвшөөрөл авсан ч ажлын байраа алдах шахаад буй ТҮЦ эрхлэгчид хэд хоногийн өмнө гадаа нь жагссан учраас “хамгаалалтаа” чангатгахад хүрсэн гэнэ. Дүүргийнхээ Засаг дарга Х.Болормаатай уулзахаар очиход нь хүлээж аваагүй учраас тэд жагссан бололтой.
Тэнд зогсож байсан, таяг тулсан, өндөр настан хаалгыг нь нэлээд удаан тогшсоны эцэст хамгаалагч хамраа цухуйлгав. Настан хаалганы завсраар гараа оруулаад “Эгч нь яарч явна. ТҮЦ машинаас тодорхойлолт авчихаад л гаръя” гэж царайчлан, учирлахад гав, бороохой, буу зэвсгээ агссан хамгаалагч эр нүүрнийхээ арьсыг атируулж, шүдээ зуун, үүдийг татаад хурууг нь золтой л тас хавччихсангүй. Арилжааны банкны бэлэн мөнгөний машин хайж явсан залуу “Уучлаарай, ойр хавьд АТМ алга. Яаралтай шилжүүлэг хийх шаардлага гарлаа, оруулаач” гэж гуйгаад бас л нааштай хариу сонсолгүй буцав.
Шаардлагатай тодорхойлолт, лавлагааг хаанаас ч авах боломжийг ТҮЦ машин олгодог. Тийм ч учраас үүнийг тавьсан үйлчилгээний байгууллагууд хаалгаа түгжиж, цайны цаг дуусахаар ор гэх ёсгүй байлтай. Гэтэл Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ынхан цайны цагаараа ТҮЦ машиныг дотроо түгжчихээд, иргэдэд чирэгдэл үүсгэж байгааг юу гэж ойлгох вэ. Төрийн үйлчилгээ авахаар очсон хүмүүс хөлөө эцтэл хүлээж зогсох нь зүйд нийцэх үү. Уг нь төр иргэддээ хүнд сурталгүй, чирэгдэл багатай үйлчлэх ёстой хэмээн үе үеийн эрх баригчид хэлдэг. Энэ үүднээс ТҮЦ машин байрлуулсан. Ингэж хаалгаа дангинатал цоожлоод, хамгаалагчдаар иргэдийг загнуулдаг төрийн байгууллагыг өмнө нь харж байсангүй.
“Хангарьд” ордон, нийслэлийн ЗДТГ-аас авхуулаад яам, агентлагийнхан ч үүдээ түгждэггүй. Угтах үйлчилгээний ажилтан нь цайны цаг дуусаагүй байгааг тайлбарлаад, хүлээлгийн танхимд сууж байхыг зөвлөдөг. Яаралтай хэргээр яваа хүн байвал холбогдох албан тушаалтанд хандаад, тухайн иргэний асуудлыг шийдэж өгч байхыг олон харсан юм, уг нь. Харин Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ынхан харилцаа, үйлчилгээний наад захын соёл мэддэггүй бололтой. Эсвэл хамгаалагч нар нь тэднээс илүү мэдэлтэй хэрэг үү. Нийслэлийн удирдлага үүнд анхаарлаа хандуулах биз ээ.