Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаад, Гэрлэх ёслолын ордныг хувьчлах шийдвэр гаргасан тухай мэдээлэл түгэв. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан болон Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасангаас байр суурийг нь сонслоо.
С.Амарсайхан: -Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид өнгөрсөн долоо хоногт хуралдахдаа орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын орлого, зарлага болон хотын төсөвт төвлөрүүлдэг ногдол ашгийн хэмжээний талаар хэлэлцсэн. Орон нутгийн өмчит 32 үйлдвэрийн газар хотын төсөвт төвлөрүүлэх ногдол ашиг 30 хувь байгааг зөвшөөрөхгүй гээд менежментийг нь сайжруулж, цэвэр ашгийг бүгдийг нь нийслэлд авах ёстой гэсэн шийдвэр гаргасан юм.
Ашиггүй ажиллаж байгаа зарим газрыг татан буулгах тухай дурдсан нь үнэн. Гэхдээ Гэрлэх ёслолын ордныг хувьчлах шийдвэр гаргаагүй. Хэзээ ч татан буулгахгүй. Түүхийн дурсгалт газар тул энэ талаар ярьж ч болохгүй. Тэгээд ч тус байгууллага ашигтай ажилладаг. Өнгөрсөн онд гэхэд нэг тэрбум 284 сая төгрөгийн орлоготой ажилласан. Үүнээсээ 963 сая төгрөгийг үйл ажиллагаандаа зарцуулж, 321.2 сая нь цэвэр ашиг болж үлдсэн.
Гэтэл ногдол ашиг гэж 29 сая төгрөг өгсөн байдаг. Энэ бол буруу тогтолцоо. Ганц Гэрлэх ёслолын ордон ч бус, нийслэлийн өмчит бүх байгууллагын ашгийг хот авна. Төв цэнгэлдэх хүрээлэн, Гэрлэх ёслолын ордон, Соёлын төв өргөө, “Улаанбаатар” чуулга гээд бүх байгууллагад үүнийг хэрэгжүүлнэ. Харин худал мэдээллийг нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын орлогоор халаасаа зузаатгадаг хүмүүс түгээж байгаа.
Ч.Однасан: -Энэ оныход байтугай дараа жилийн хувьчлах барилга, байгууламжийн жагсаалтад Гэрлэх ёслолын ордон ороогүй. Хувьчлах объектын жагсаалтыг манай газар гаргадаг. Бидний саналыг авалгүй хэн ч дур мэдэн шийдвэр гаргадаггүй. Тэгээд ч Гэрлэх ёслолын ордныг хэзээ ч хувьчлахгүй.
Г.Сарнай