2018-2019 оны хичээлийн жилд Хууль сахиулах их сургуулийн 300 гаруй шинэ элсэгч сарын хугацаанд цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад амжилттай хамрагдлаа. Харин өнөөдөр тэд цэргийн тангараг өргөснөөр Хууль сахиулахын их сургуулийн үндсэн сонсогч болж, суралцах эрх нь нээгдлээ. Цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалт нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Гүнжийн хоолойд байрлах Их сургуулийн сургалтын төвд явагджээ.
Хууль сахиулахын их сургууль нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй Цагдаа, Хил хамгаалах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Онцгой байдлын, Шүүхийн шинжилгээний байгууллагын мэргэжлийн боловсон хүчний нөөцийн 80 хувийг бэлтгэн гаргадаг.
Их сургуулийн дүрэмд заасны дагуу багш, албан хаагч, сонсогчид нь цагдаа, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, онцгой байдлын албаны нөөц хүч болж, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын хил хамгаалах, гамшигтай тэмцэх, авран хамгаалах зэрэг ажиллагаанд дайчлагдан ажилладгаараа онцлогтой.
Нэмж дуулгахад Хууль сахиулахын их сургууль сүүлийн жилүүдэд чадваржуулах сургалтын технологийг нэвтрүүлэх зорилгоор лаборатори, полигон, дромм зэргийг олноор байгуулаад буй билээ. Хууль сахиулах Их сургуулийн хичээлийн шинэ байр ашиглалтад ороод багагүй хугацааг ардаа үдээд байна.
Харин их сургуулийн хээрийн дадлага, сургалтын цогцолбор нь жилийн дөрвөн улирлын туршид үйл ажиллагаагаа явуулдаг. Их сургуулийн удирдлагууд Цэргийн анхан шатны мэдлэг олгох бэлтгэл, сургалтын цогцолборыг тохижуулж, багш, албан хаагч, суралцагчдын амрах байр, эмнэлэг, гал тогоог контейнер хаус байдлаар тохижуулж, сургалтын таатай орчин бүрдүүлэх, клиник сургалтын төвийг байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлээд буй гэнэ.