Хот хооронд зорчигч тээвэрлэдэг автобуснуудын тасалбарын үнэ маргаашнаас нэмэгдэх нь. “Бид сүүлийн 10 орчим жил үнээ хөдөлгөөгүй. Гэтэл энэ хугацаанд шатахууны үнэ хэд хэдэн удаа нэмэгдсэнээр бид алдагдалтай ажиллах болсон” гэж тээвэрчид саяхан мэдэгдсэн билээ.
Тэд Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвд тарифаа өсгөх хүсэлт удаа дараа хүргүүлж байжээ. Иргэдийн нуруунд ачаа нэмэхгүй байх үүднээс дээрх байгууллагуудын хүсэлтийг хүлээн авалгүй өдий хүрсэн гэнэ. Тээвэрчид удаа дараа санал тавьсан учир үйлчилгээний үнийг нэмэх үндэслэлтэй, эсэхийг Авто тээврийн үндэсний төвийнхөн судалсан байна.
Ингээд орон нутгийн 60 чиглэлд зорчих тасалбарын үнийг 300-9500 төгрөгөөр нэмэхээр шийдвэрлэсэн аж. Тухайлбал, Төв аймгийн Зуунмод сум руу явах автобусны тасалбарын үнэ өмнө нь 2000 төгрөг байсныг 300-гаар нэмжээ. Энэ нь хамгийн багаар нэмсэн дүн юм.
Харин Улаанбаатараас Ховдын Булган сум хүрэхэд өмнө нь 73 000 төгрөг төлж байсан бол өдгөө 82 500 болж, 9500-гаар нэмсэн нь хамгийн өндөр дүнд тооцож байна. Дийлэнх чиглэлийн үнийг 1000-аас дээш төгрөгөөр өсгөжээ.
М.Оч