Алдарт эхийн одонтой 2000 гаруй ээжийн төлөөлөл болж ирсэн хүн судлаач А.Мягмарсүрэн “Ээжүүдийн бослого-Оюуны хувьсгал” эхлүүлэх талаар өнөөдөр хэвлэлд мэдээлэл хийлээ. Тэрээр хэвлэлийн хурлын үеэр мэдээлэл өгөхдөө:
Нийгэмд үлгэрлэл, манлайлал зөв зүйл байхаа больжээ. Тиймээс бид “Ээжүүдийн бослого-Оюуны хувьсгал” эхлүүлэхээр шийдлээ. Гэхдээ буу шийдэм бариад гарахгүй. Харин энэ бол оюуны хувьсгал байх болно. Бид хүүхдээ зөв зохистой зүйлд сургахыг хүсэж байхад нийгмийн орчин, сургууль цэцэрлэгт очоод л болохгүй бүтэхгүй болгоныг сураад ирдэг. Нийгэмд ямар ч үлгэрлэл, манлайлал байхгүй болсон. Тийм учраас ээжүүд бид оюун ухаанаар манлайлж, бослого гаргахаар зорилоо. Бид мэдлэг мэдээлэл хангалттай авч байгаа мөртлөө сэтгэлийн боловсрол гэдэг зүйл алга. Ээжүүд маань 9 дүгээр сарын 1-н болох гэж байгаа тул ирж амжсангүй. Харин бид удахгүй 81 ээжийн сүүн цацал өргөн, залбирал хийх болно.
Одоогоор бидний оюуны хувьсгалд 4-10 хүүхэд төрүүлсэн ээжүүд нэгдсэн байна. Бид газар нутаг амьдрахуйгаа, үр үндсээ хайрлаж байж оршин тогтнох болно.