Богд ууланд самар түүж явсан хүүхдүүд Цэцээ гүнээс холгүй нэг хүний цогцос модон дунд байсныг олж, өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр цагдаагийнханд хэлжээ. Ингэхдээ “Толгой нь тасарсан хүн байна” гэж дуудлага өгсөн гэнэ.
Үүний дагуу цагдаагийнхан, ШШҮХ-гийн шинжээч, НЦГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөгч гээд нэлээд өргөн бүрэлдэхүүн хоёр хоногийн турш асга хадтай, бартаа ихтэй газраар самнан, цогцсыг олж, хэргийн газрын үзлэг хийгээд талийгаачийг үүрч явсаар уулын бэлд буулгасан гэнэ.
Хэргийн газрын үзлэгээр талийгаачийг гаднын ямар нэг нөлөөгүй, золгүйгээр амиа алдсаныг тогтоожээ. Харин удаан хугацаанд ойд байснаас зөөлөн эд нь муудаж, яс нь гарснаас хүүхдүүд “толгой нь тасарсан байна” гэж харсан бололтой хэмээн эх сурвалжууд мэдээллээ.
Самарт явж байсан зарим хүн 20-иод хоногийн өмнө уг цогцсыг олж харсан ч отгийг нь буулгаж, түүсэн боргоцойг нь хурааж авахаас эмээн цагдаагийнханд мэдэгдээгүй тухай зарим хүн ярьсан.
Цагдаагийнхны нарийвчилсан шалгалтаар талийгаач утасныхаа цэнэгийг дуусахаас өмнөхөн “Би Цэцээ гүн оргилоос холгүй төөрчихөөд байна. Авраач, тусламж ирүүлээч” гэж онцгой байдлын утсанд дуудлага өгчээ. Харин онцгойгийнхон үүнд хариуцлагагүй хандаж, Төв аймгийн Онцгой байдлын хэлтсийнхэнтэй холбогд” гээд орхисон гэх мэдээлэл байгаа бололтой.
Тэр хүн гэртээ очилгүй, утас нь холбогдохгүй 1-2 хоноход ар гэрийнхэн нь “Сураггүй алга боллоо. Эрэн сурвалжилж өгнө үү” гэсэн хүсэлт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтэст гаргасны дагуу хайж байжээ. Гэрээсээ гарах үедээ өмсөж явсан хувцсыг нь ар гэрийнхэн нь тодорхой бичсэн байсан бөгөөд ойгоос олдсон хүний хувцастай таарч байгаа аж. Талийгаачийн биед үзлэг хийхэд хэтэвчтэй мөнгө, иргэний үнэмлэх, “Төрийн банк”-ны төлбөрийн карт зэрэг эд зүйл байснаар хэн болохыг нь тогтоосон гэнэ.
Гар утасных нь дугаарыг шалгаад хамгийн сүүлд Онцгой байдлын байгууллага руу утасдсан нь батлагдсан юм байна. Талийгаачийг гаднын ямар нэг нөлөөгүй, хөл гар нь хугарсан шинж тэмдэг байхгүй, осгосноос нас барсан бололтой гэж урьдчилсан дүгнэлт гаргасан гэнэ.
НЦГ-ын эх сурвалж “Ар гэрийнхэн нь онцгой байдлын байгууллагад ихэд гомдолтой, “Аврал эрэх үед нь тусламж үзүүлсэн бол нас барахаас нь өмнө олох боломжтой байсан шүү дээ” гэж байгаа. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэст үргэлжлүүлэн шалгах болсон” гэж мэдээлэв.
Г.Равжаа