Өнгөрсөн оны хавар Монголын иргэн их хэмжээний рублийг ОХУ-ын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гээд Оросын хил, гаалийнханд саатуулагдсан. Хэргийг шүүх хурал Хиагтын дүүргийн шүүх дээр болж, шүүхээс түүнд дөрвөн сарын ажлын хөлстэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль төлүүлэх шийтгэл хүлээлгэжээ. 614.311-ээс дээш хэмжээний рублийг хилээр гаргахыг хориглосон ОХУ-ын хуулийг Монголын иргэн зөрчсөн нь эрүүгийн хэрэг үүсгэх хангалттай үндэслэл болсон ч хэргээ хүлээсэн үйлдэл, нялх хүүхэдтэй, нас өндөр аав ээжтэй, насанд хүрээгүй гурван дүүтэй зэрэг ар гэрийн гачигдлыг нь Хиагтын шүүх авч үзэн түүний ял шийтгэлийг ийнхүү торгууль болон хөнгөрүүллээ хэмээн тус шүүхийн хэвлэлийн алба мэдээллээ. Монголын иргэн анхандаа мөнгийг Оросын хилээр гаргах сэдэлгүй байжээ. Улаан Үүдийн нэгэн бизнесмэний гуйлтын дагуу рублиэ нутгийн иргэнд дамжуулж өгөх ёстой байсан ч тэр хүн нь болзсон цагтаа очоогүй байна. Тиймээс Монгол руу гаргах үүднээс автобусаар зорчиж байсан иргэдэд мөнгөө тараан байршуулж хилээр нэвтрүүлэх оролдлого хийжээ. Тэрбээр 5.5 сая рублийнхээ эх үүсвэрийг нотолсон тул Хиагтын дүүргийн шүүх мөнгийг эзэнд нь хүлээлгэн өгсөн байна.