Ерөнхийлөгч Х.Баттулга Төв аймгийн Сэргэлэн сумын дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцов. Энэ жил хөдөө орон нутгийн 563, нийслэлийн 251 ерөнхий боловсролын сургуульд нийт 597.2 мянган хүүхэд суралцах юм. Харин Сэргэлэн сумын сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид таван сурагч элсэхээр бүртгүүлснээс есдүгээр сарын 1-нд дөрөв нь иржээ.
Тус сургууль 1935 онд байгуулагдсан бөгөөд 1980 онд 320 хүүхэд сургах хүчин чадалтай болж, өргөжсөн байна. Сэргэлэн сум Зуунмод болон нийслэлтэй ойр оршдог учир олонх хүүхэд аймаг, хотод суралцах болж, сумын сургуульд элсэгчдийн тоо жилээс жилд буурч байна. Энэ удаа 14 багш, 13 ажилтан, 67 хүүхэдтэйгээр хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга тус сургуульд ажиллах үеэрээ “Энд цугласан Сэргэлэн сумынхан, багш, ажилчид, есдүгээр сарын 1-ний өдөртөө бэлтгэн ирсэн хүүхэд, багачууд та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Энэ өдөр Монголын баярын өдөр юм. Нийт багш, сурагчдад хичээлийн шинэ жилийн баяр хүргэн мэндчилж байна.
Бид энэ удаад зориудаар Улаанбаатар хоттой хамгийн ойр оршдог сумдын нэг Төв аймгийн Сэргэлэн сумын сургуулийн хамт олон та бүхэн дээр ирж, хичээлийн шинэ жилийн баярыг тань хуваалцаж байна. Дараа, дараагийн есдүгээр сарын 1-ний өдрүүдэд алслагдсан, эзэнгүй болж байгаа сумдын сургуульд очих болно” гээд хүүхэд багачууд, багш нарт сурлага, ажил хөдөлмөрийн амжилт хүсэн ерөөв.
Мөн тэрбээр “Бид ганцхан Улаанбаатар хотоо хөгжүүлэх тухай ярих биш, улс орон, ялангуяа алслагдсан 100 гаруй сумаа анхаарч, ахуйг нь сайжруулж байж Монгол Улс хөгжинө. Улаанбаатар хотоос 60 орчим км зайтай энэ сумыг анхаарч, бүтээн байгуулалт хийж, хүн амьдардаг болгох хэрэгтэй. 300 гаруй хүүхдийн багтаамжтай сургуульд 60 гаруй хүүхэд суралцаж байна. Төв аймгийн Сэргэлэн сумыг Монгол орон даяараа, мөн шийдвэр гаргагчид хараасай гэж хүсэж байна” гэв.
Энэ үеэр Сэргэлэн сумын Засаг дарга Э.Энхбаяр “Манай суманд сургуулийн насны 280 хүүхэд бий ч 67 нь л энд суралцаж байна. Бид хүүхдүүдийг харьяаллын дагуу сумын сургуульд нь сургах хэрэгтэй гэдэг ч албадан суулгах боломжгүй” гэсэн юм.
Эрдмийн баярын өдөр УИХ-ын дарга М.Энхболд ХААИС, Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургууль, Зуунмод сумын МСҮТ-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцсон бол Шадар сайд Ө.Энхтүвшин Чингэлтэй дүүргийн 49 дүгээр дунд сургуульд ажиллаж, багш, сурагчдын баярыг хуваалцлаа. Харин Ерөнхий сайд энэ өдөр ямар нэг арга хэмжээнд оролцоогүй бөгөөд Монгол Улсын нийт багш сурган хүмүүжүүлэгч, оюутан, сурагчдад мэндчилгээ илгээсэн.
Мэндчилгээнд “Эрхэм оюутан, сурагчдаа, ядуу тариачны гэр бүлд аугаа их Ньютон төрж, энгийн даруу малчны гэрт Шекспир мэндэлсэн. Нэрт одон оронч суут Коперник мөн л польш малчны хүү, их зохиолч Д.Нацагдорж ч эгэл ардын хүү байсан. Эдгээр суутан бүгд өөрийн хичээл зүтгэлийн үр дүнд түүхэнд нэрээ үлдээсэн байдаг. Хүмүүний мандах, буурахыг чадлаа шавхсан хичээл зүтгэл шийддэг. Тиймээс амьдралынхаа гэрэлт замыг чи өөрийн хичээл зүтгэлээр бүтээж чадна гэдэгтээ бат итгэлтэй байгаарай. Өөрийнхөө хөлс хөдөлмөрөөр олсон мэдлэг, ухаан шиг хүчтэй зүйл үгүйг үргэлж санаж, сэрж яваарай. Хүн чанар, хүнлэг сэтгэл, эх орноо хайрлах зүрх эрхмээс эрхэм, чухлаас чухал юм шүү. Та нарын ижий аав, хүүгээ, охиноо эрдэм номтой сайн хүн болж аз жаргалтай сайхан амьдарна гэж бүрэн дүүрэн итгэж, бүхнээ зориулж байна. Ижий аавынхаа итгэлийг эрдэмд шамдах зүтгэлээр хариулбал энэ насандаа хураасан их буян болно гэдгийг битгий мартаарай. Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчдээ, Монгол Улсын өнөөгийн хөгжил дэвшил, урлаг, спорт, бүхий л салбарт гаргаж буй амжилт бүрийн эх булаг нь эрхэм хүндэт багш та билээ. Эх орны ирээдүй хойч үеийг сурган хүмүүжүүлэх нөр их ажилдаа өөрийн гэр бүл үр хүүхдийг ч умартан зүтгэдэг хүмүүс бол та нар минь юм. Багш нарын өмнө тулгамдаж байгаа цалин хөлс, нийгмийн хүндрэлтэй асуудлуудыг Засгийн газар цаашид ч үе шаттайгаар шийдвэрлэн ажиллах болно. Эрхэм хүндтэй үүргээ нэр төртэй биелүүлж яваа нийт багш нартаа Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун талархал илэрхийлж ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе” гэсэн байв.
А.Амина