Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам тавих төслийн буюу “Монголын төмөр зам” (МТЗ) компанийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн, хуурамч гүйцэтгэлээр залилан мэхэлсэн хэрэгт холбогдсон БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жонг Ёлд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 40 сая төгрөгөөр торгох ял өнгөрсөн зургадугаар сард оноосон билээ.
Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг НПГ-ын хяналтын прокурор Б.Хурц, У.Дэндэвдорж нар эсэргүүцсэнээс гадна шүүгдэгч нарын өмгөөлөгчид ч уг шийтгэх тогтоолтой эвлэрээгүй гэнэ. Тиймээс нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаныг өнгөрсөн пүрэв гарагт тус шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэн хэлэлцлээ.
Уг шүүх хурлаас төмөр зам тавих зургийг дахин зурж мөнгө завшсан хэрэгт холбогдсон Гу Ду Хёоны үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн, Ли Жонг Ёлыг 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь үндэслэлтэй, анхан шатны шүүх Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөв хэрэглэсэн гэж дүгнээд торгох ялыг хэвээр үлдээжээ.
Эргэн сануулахад, Ли Жонг Ёлыг хувьдаа өөр компани байгуулж, түүнийхээ дансаар мөнгө завшсан нь тогтоогдсон ч хохирогч болох МТЗ болон “Самсунг” компанийнхан гомдолгүй хэмээснээр улсад учруулсан дээрх хэмжээний мөнгөний 20 хувьд ч хүрэхгүй төгрөгөөр торгох ял оноосон юм.
Г.Орчлон