Монголын худалдаачдын холбооны төлөөлөл болох өлсгөлөн зарласан гурван эмэгтэйг 300 цагдаагаар хүчээр тараасан талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэдний хэлж буйгаар худалдаа наймаа эрхлэн амьдарч буй 300 мянга гаруй иргэдийн нийгмийн асуудал, өнөөгийн нөхцөл байдлыг судлан зохицуулах, зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг шаадсан долоон заалт бүхий шаардлагыг 2017 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр МАН-д хүргүүлсэн боловч өнөөг хүртэл ямар нэгэн хариу ирүүлээгүй аж. Иймд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхах хүсэлт тавин, тэмцлийн дараагийн хэлбэр буюу суулт зарлаж, 14 дэх хоног дээрээ өлсгөлөн зарлаж эхэлжээ. Гэтэл энэ сарын 03-ны орой 20 цаг орчмын үед 300 гаруй цагдаа уг суултыг хүчээр тараасан байна.
Тус холбооны тэргүүн З.Пунцалдулам хэлэхдээ "Өлсгөлөн зарласан 3 эмэгтэй болон тэднийг хамгаалж байсан 30 орчим эмэгтэйг Монголын 300 гаруй цагдаа маш балмад танхайгаар хөөн туусан. Заримыг нь нүцгэлж, зарим нэгийг нь дээрээс нь дэвсэлж, дотуур хувцасыг нь ч урсан. Бид хэзээ ч ийм доромжлолыг амсаж байсангүй. МАН 2016 оны сонгуулиар Монгол Улсын иргэн бүрт хүрч ажиллана хэмээн амлаж байсан. Бид ч мөн Монгол Улсын иргэн шүү дээ. Бид ердөө л Ерөнхий сайдтай уулзах хүсэлт тавьсан. Гэтэл уулзахын оронд 300 цагдааг нохой мэт бидний өөдөөс турхирлаа. Энэ үйл явдал бидний зоригийг мохоогоогүйгээр барахгүй харин ч улам хурцалж өглөө. Иймд бид зогсохгүй. Харин ч тууштай тэмцсээр байх болно" хэмээв.
Мөн тэд мөнгө, эрх мэдэл нэхээгүй, ажлын байрыг минь л битгий оролд гэж гуйсан гэдгээ онцоллоо.