Өмнөд хөрш маань хөгжил цэцэглэлтийнхээ талаар монголчуудад танилцуулж, найрамдалт харилцаагаа улам зузаатгах, хамтын ажиллагаагаа өргөтгөх зорилгоор “Хятад орныг танин мэдэх Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүд”-ээ манай улсад амжилттай зохион байгууллаа. Энэ сарын 4-8-нд болсон Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хаалтын ажиллагаанд ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Хан Юуншян үг хэлэхдээ “Хятад орныг танин мэдэх Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүд” Хятад, Монгол хоёр орны хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, соёлын солилцоог дэмжих бодитой арга хэмжээ боллоо. Хоёр орны хамтын ажиллагаа, талуудын дэмжлэг туслалцааны ачаар энэ арга хэмжээ маань амжилттай болж, Монгол орны нийгмийн бүхий л салбарын анхаарлын төвд хүрч, өндөр үнэлгээ хүлээсэнд баяртай байна. “Хятад орныг танин мэдэх Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүд” Монголын ард иргэдэд Хятадын талаар танин мэдүүлэх, Өвөрмонголтой танилцуулах өргөн боломж олгож, хөрш орны иргэдийн ойлголцлыг нэмэгдүүлж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг улам бататгалаа.
“Хятад орныг танин мэдэх Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүд”-эд бид найрсаг сэтгэл, баяр жаргал, ерөөл зөгнөл бүхнээ хуваалцлаа. Энэ долоо хоногийн хугацаанд бид соёлоор дамжуулан найрсаг хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, ойлголцлоо нэмэгдүүлэн, хоёр орны ард түмний сэтгэл зүрхийг холбосон уламжлалт найрсаг харилцааг зузаатгасан юм. Ирэх жил Хятад, Монгол Улсын хоород дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохионо. Бид чин үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай үзэл баримтлалаа хэрэгжүүлж, соёлын солилцоо, хамтын ажиллагаагаа илүү гүнзгийрүүлж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэхэд бэлэн байна. Хятад, Монголын найрсаг харилцаа өнө мөнхөд үргэлжлэх болтугай” гэсэн юм.
Өнгөрсөн долоо хоногийн турш үргэлжилсэн “Хятад орныг танин мэдэх Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүд” хоёр орны удирдлагын хүмүүнлэгийн салбарын солилцоог гүнзгийрүүлэн ахиулах талаарх нэгдмэл ойлголтыг хэрэгжүүлэх, Хятад, Монголын соёлын солилцоог гүнзгийрүүлэн ахиулах чухал арга хэмжээ боллоо гэж талууд санал нэгтэй дүгнэж байна. Уг өдрүүдийн хүрээнд үзэсгэлэн,урлагийн тоглолт, кино өдрүүд, уламжлалт анагаах ухааны эмч нарын үнэгүй үзлэг оношилгоо зэрэг монголчуудын сэтгэлд хүрсэн олон арга хэмжээ зохион байгуулсан юм. Зохион байгуулсан арга хэмжээ бүхэн нь нэн шинэ үеийн Хятадын нийгмийн амьдрал, эдийн засгийн хөгжил, зан заншил, соёл уламжлалыг нэгэн зэрэг харуулж чадсан гэж соёл, аялал жуулчлалын өдрүүдийг үзэж сонирхсон хүмүүс ярьж байлаа. Энэ арга хэмжээ нь Монгол Улсын ард түмэн Хятад орныг илүү ихээр таних мэдэх, Өвөрмонголыг ойлгох хоёр улсын ард түмний уламжлалт найрамдлыг зузаатгахад томоохон түлхэц болов.
Соёл, аялал жуулчлалын өдрүүдээс үлдсэн бодол
Хятадын Засгийн газар бусад улс орнуудтай, тэр дундаа хөгжиж буй улс орнуудтай хамтын ажиллагаа өрнүүлж, НҮБ-ын дэвшүүлсэн тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг 2030 он гэхэд хэрэгжүүлж, дэлхий нийтийн ядуурлыг арилгахад жинтэй хувь нэмэр оруулахыг хүсэж буй юм билээ. “Сайн сайхан амьдралыг хөөцөлдөхүй” Хятадын яруурлыг бууруулсан түүхийг харуулсан үзэсгэлэнгээс санаа авч, ядуурлаа бууруулсан туршлагаас нь суралцах зүйл манайд олон байлаа.
“Үзэсгэлэнт сайхан Хятад орноо зураглая” биет бус соёлын өвийн үзэсгэлэнгээс Хятадын уламжлалт соёлыг илүү бодитойгоор ойлгоод зогсохгүй хоёр улс түүх, соёлын нэн эртний, арвин баялаг холбоотойг харж болохоор байв.
“Инновац биднийг ирээдүйд хөтөлнө” үзэсгэлэнгээр дамжуулж хоёр орны соёлын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлж, хамтдаа хөгжилд хүрэх боломжийг илүү өргөн дэлгэр болгохыг зорьсон гэж зохион байгуулагчид хэлсэн. Энэ зорилгодоо хүрэхэд уг үзэсгэлэн тодорхой хэмжээний түлхэц өгсөн биз ээ.
“Хүн байгалийн шүтэлцээ” монгол анагаах ухааны эм бэлдмэлийн үзэсгэлэн, монгол эмч нарын үзлэг нь хоёр орны анагаах ухааны хамтын ажиллагааг өргөжүүлж, иргэдийн эрүүл мэндэд томоохон хөрөнгө оруулалт хийсэн.
“Найрамдлын солонго” тоглолтоос хоёр орны найрамдлын улбаа, Хятад, Монгол хоёр мөр зэрэгцэн урагш ахиж, хамтаар хөгжин дэвшиж байгаа одоо цагт хоёр улсын ард түмний найрсаг хамтын ажиллагаа болон цаашдын хөгжлийн эрмэлзлийг дэлгэн харуулж, Хятад, Монголын гэгээн саруул ирээдүйг зураглажээ.
Сычуань жүжиг нь баруун өмнөд Хятадын соёлд томоохон байр суурь эзэлдэг, өвөрмөц төрөл юм. Сычуань жүжгийн гол төлөөлөл, Хятадын хайрын тухай дөрвөн их домгийн нэг “Цагаан могойн домог” нь тус улсын сонгодог бүтээлүүдийн нэг. Уг жүжгийг монголчуудад толилуулсан нь Хятадын соёл олон төрөл зүйлтэйг харуулахыг зорьсон хэрэг биз.
“Найрамдалт хотуудын аялгуу” Хөх хот, Улаанбаатарын хооронд найрамдалт харилцаа байгуулсан нь хоёр улсын харилцааны нэгэн том гүүр. Хоёр улс харилцан итгэлтэй, хариуцлагатай сайн хөрш, сайн түнш, сайн нөхөр болсныг уг тоглолтоор харуулахыг зорьсон байна.
Хятадын кино өдрүүдийн хүрээнд “Их Шанхай”, “Чөтгөр барьсан тэмдэглэл”, “Бээжинд Сиэтлтэй уулзсан нь” зэрэг сүүлийн жилүүдэд орлогоороо тэргүүлсэн 10 киног монголчуудад толилуулахаар сонгож авчирчээ. Эдгээр кино Хятадын нийгмийн өнөөгийн бодит төрх, үндэстний зан заншлыг олон талаас ойлгох боломж олгосон.
ХААИС-д Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын сэдвээр, ШУТИС-д шинжлэх ухаан, технологийн сэдвээр Өвөрмонголын эрдэмтэд лекц уншиж, үзэсгэлэн зохион байгуулсан нь мөн үр дүнтэй, санаа авууштай зүйл олонтой арга хэмжээ байлаа. Байгаль хамгаалал, цаг уурын өөрчлөлт, байгалийн гамшиг, ойн түймэр, цөлжилттэй тэмцэх болон шинжлэх ухаан, технологийн салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх үүд хаалгыг уг үзэсгэлэнгүүд монголчуудад нээсэн буй за.
Өвөрмонгол, Сычуаний аялал жуулчлалын байдлыг танилцуулах арга хэмжээ, хоолны баяр, хувцас загварын шоу мөн үзүүштэй, сонирхолтой арга хэмжээнүүдийн нэг байлаа. Энд очсон хүмүүс Өвөрмонгол, Сычуань мужийн зан заншил, түүх, байгаль болон хүмүүнлэгийн үзмэр, аяллын маршруттай нэг дор танилцаж, уламжлал, шинэчлэл, өнгө загварын гайхамшгийг харуулсан хувцас загвар, амтат хоолыг таашаасан нь өмнөд хөршийн зан заншил, амьдралыг ойлгуулсан болов уу.
Мөн энэ арга хэмжээний хүрээнд “Солонго” сэтгүүлийн 25, “Талын дуу хоолой” радиогийн таван жилийн ойг тэмдэглэсэн. Энэ хоёр арга хэмжээнд уншигч, сонсогч, салбарын мэргэжилтнүүдийг урьж, тэдний санал бодлыг сонссон.
Хятад Монголын залуусын сагсан бөмбөгийн нөхөрсөг тоглолт нь харилцан ойлголцол, найрамдал, эв нэгдэл, шударга өрсөлдөөний талбар болсон. Уг тэмцээн хоёр орны залуусын найзалж нөхөрлөх, хоёр орны ард түмний ойлголцол, найрамдлыг зузаатгаж, спортын салбарын харилцааг ахиулахад дэм болсон.
Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хүмүүнлэг, соёлын солилцоо, хамтын ажиллагаа нэн чухал үүрэгтэй. Соёлын харилцаа нь сайн анд найзуудыг улам ойртуулж харилцан ойлголцол, итгэлцэл, хүндэтгэлийг төрүүлдэг. Энэхүү арга хэмжээ хоёр орны найрсаг харилцаа, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, ард иргэдийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулна буй за.
Энэ удаагийн соёл, аялал жуулчлалын өдрүүдийн үйл ажиллагааны гол зорилго нь хоёр улсын хоорондох хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай нэгдмэл ойлголт болон Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн анхдугаар хурлын үзэл санааг хэрэгжүүлэхэд чиглэгдэх аж. Түүнчлэн манай улсын иргэд Хятадын соёлтой танилцах, хүмүүнлэгийн харилцааг бататгах болоод хоёр улсын найрамдлыг зузаатгахад оршиж байгаа юм байна.