Монгол, Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг, түүний харьяа зарим салбар нэгж МХЕГ-аас гаргасан эрсдэлийн үнэлгээгээр дунд болон их эрсдэлтэй гарсан. Харамсалтай нь, төмөр замын удирдлага МХЕГ-аар шалгуулж, зөвлөгөө авахаас татгалзсан гэх.
Үүнийг салбарын яам нь буруутгав. Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад албан бичиг илгээж, төрийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулахгүй байхыг сануулсан байна. Мөн шалгуулахаас татгалзсан нь үндэслэлгүй, цаашид Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдөхийг анхааруулсан аж.
Өнгөрсөн жил тус байгууллагын ажилтан ажлын байрандаа хөлөө хугалсан, хөргүүрийн усанд нүүр, цээжээ түлсэн, 60 тоннын даацтай галт тэргэнд шүргүүлж тархиа гэмтээсэн зэрэг осол гарсныг УБТЗ нийгэмлэгийн удирдлага нуужээ. Сүүлийн гурван жилд ажлын байранд нь 62 осол гарсан байна.
Үүнээс хүний амь нас эрсэдсэн дөрөв, хүнд, хөнгөн гэмтсэн 18 хэргийг бүртгэж, үлдсэнийг нь мэдээлээгүй аж. Нийт ослын 64.5 хувийг үйлдвэрлэлийн осолд тооцон бүртгэж, мэдээлээгүй нь ноцтой зөрчил гэж МХЕГ-аас үзсэн байна.