
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан Даян дэлхий ногоон хөгжлийн байгууллагатай хамтран “Угсармал орон сууцны барилгын дулаан техникийн шинэчлэл”-ийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнөөр, хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд оролцож, угсармал орон сууц дулаалах материалын судалгаа, танилцуулга, эдийн засаг, санхүү болон арилжаа, стратеги, менежмент зэрэг асуудлыг хэлэлцлээ.
УБЗАА, Сангийн яам болон УИХ-ын зарим гишүүд хэлэлцэн ойлголцсоны үндсэн дээр Угсармал орон сууцны дулаалгын төсөв болох 12.7 тэрбум төгрөг батлагдаж улсын төсвөөс гаргахаар болжээ. Өнгөрсөн хоёр жилд нийслэлд 1965-2000 оны хооронд баригдсан 1077 блок угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэл хийх ажлын хүрээнд угсармал орон сууцны барилгуудад эрчим хүчний аудит, барилгын гадна ханын дулаалга хийх ажлын зураг төсвийг боловсруулсан аж.
Мөн 5, 9, 12 давхар угсармал орон сууцны барилгын дулаан алдагдлыг бууруулах ажлын жишиг зураг төсөв боловсруулан Барилга хөгжлийн төвөөр магадлал хийлгэх, Дулаан техникийн шинэчлэл хийх санхүүгийн механизм техникийн эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулах ажлуудыг олон улсын болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж гүйцэтгэжээ.