
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Амаржаргал, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга асан Н.Батсүх, Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга байсан С.Бямбадорж нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.
Н.Батсүх Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дахь Их цуурайтын аманд 2015 оны есдүгээр сард 43 иргэний нэр дээр, 2016 оны долдугаар сарын 8-нд 60 гаруй хүний нэр дээр мөн дээрх хэсэгт газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Улмаар иргэдийн нэрээр халхавчлан, Газрын тухай хууль зөрчиж аж ахуйн нэгжид газар эзэмшүүлснийхээ хариуд Лин Суйлин гэх хятад эрээс бусдаар дамжуулан 50 сая төгрөгийн хахууль авч байх үйлдэл дээр нь АТГ-ынхан саатуулсан билээ. Шалгалтын явцад нийслэлийн Өмчийн харилцааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Амаржаргал дээрх газрын хууль бус гэрчилгээг Газрын мэдээллийн санд бүртгүүлж, хятад иргэнээс 100 сая төгрөгийн хахууль авсан нь мөрдөн байцаалтын шатанд ил болсон байдаг. Мөн тэдний хэрэгт Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга байсан С.Бямбадоржийг холбогдуулан шалгасан юм. Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад С.Бямбадоржийн гэм буруутай үйлдэл нотлогдоогүй тул шүүх хэргийг нь хэрэгсэхгүй болгов. Харин Б.Амаржаргалд дөрвөн жил зургаан сар, Н.Батсүхэд гурван жил хорих ял шийтгэлээ.