
Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнгөрсөн хоёр жилд эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний сурталчилгаанд тандалт судалгаа хийжээ. Тус судалгаагаар нийт эм, эмийн бүтээгдэхүүний чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн 45 хувь нь цахим орчин, фэйсбүүкээр, 35 хувь телевизээр, 15 хувь нь радиогоор дамжуулан бүтээгдэхүүнээ сурталчилдагийг тогтоожээ.
МХЕГ-аас энэ төрлийн зар сурталчилгаанд тавих хяналт, зохицуулалтыг эрчимжүүлэн сайжруулах, мэдээллийн үнэн бодит байдлыг хангуулах, хууль бус сурталчилгааг таслан зогсоох, иргэдийг төөрөгдөлд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Оюуны өмчийн газар, Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөл хэлэлцүүлэгт оролцож, энэ төрлийн зар сурталчилгааны талаар хийгдэж буй ажил, тулгамдаж буй асуудлуудаа тодорхойлж, зөвшилцлөө.