
Чингэлтэй дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрт байрлах Шадивлан зусланд шар өвсний түймэр энэ сарын 25-ны өдөр гарсан байна. Энэ үеэр нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчид, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах 34-р анги хамтран шуурхай арга хэмжээ авч түймрийн тархалтыг зогсоож, галыг унтраажээ.
Түймэр гарсан шалтгааныг тодруулбал иргэдийн анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй байгальд ил задгай халуун үнс, нурам хаяснаас шар өвсний түймэр дэгдсэн гэв.
2019 оны 2, 3, 4 дүгээр саруудад ихэнх нутгаар салхитай, хуурайшилт ихтэй, олон жилийн дунджаас илүү дулаан байх төлөвтэй байгааг Ус цаг уур, орчны шинжилгээний газар болон Онцгой байдлын ерөнхий газраас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдэгдэл гаргасаар байгаа билээ. Иймд иргэд анхаарал болгоомжтой байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, ил задгай гал гаргахгүй байхыг нийслэлийн Байгаль орчны газраас анхааруулав.