
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Улаанбаатар цэвэр агаар” төслийнхөн хамтран Дэлхийн банкны санхүүжилтээр “Дулаалга аян” хөтөлбөрийг гурав дахь удаагаа хэрэгжүүлэх нь. 2017 оноос хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд 317 айл дулаалжээ.
Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах төслийн олон нийттэй харилцах мэргэжилтэн А.Билгүүн “Гэр хорооллын айлуудыг дулаалах хөтөлбөрийн хугацаа ирэх зургадугаар сард дуусна. Энэ удаа 100 өрхийг хамруулах юм” гэв. Байшингаа дулаалах хүсэлтэй иргэд 8х8-аас томгүй хэмжээний сууцтай, гарах зардлын 30 хувийг төлөх чадамжтай зэрэг шалгуур үзүүлэлтийг хангасан байх ёстой.
Иргэдээс гарах төлбөр ойролцоогоор 1.5 сая болдог аж. Үлдсэн 70 хувийг Дэлхийн банкнаас олгоно. Төсөлд хамрагдах хүсэлтэй иргэд ирэх сарын 15-наас өмнө “Дулаалга аян” фэйсбүүк хуудас болон Сүхбаатар дүүргийн I хороонд байрлах “Азмон” төвд хандах боломжтой.