
Гавьяат хуульч, шүүгч асан Л.Бямбаа ШШГЕГ-ых харьяа хорих 461-р ангид саатуулагдан, хоригдож байх үедээ амь насаа алдсан гэх хэрэг цахим орчинд дуулиан дэгдээгээд байгаа билээ. Тэгвэл тус хэрэгтэй холбоотой элдэв ташаа мэдээлэл ч цахим орчинд ихээхэн цацагдах болсон тухай АТГ-аас мэдээлэв. Иймд тус байгууллагаас хэргийн үйл явдлын талаар албан ёсоор мэдээлэл хийлээ.
Ахлах комиссар Ч.Жаргалбаатар "Талийгаачтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх хугацаанд тухайн 2019 оны 2 сарын 21-ны өдөр 12 цагт бид прокурорын дуудах хуудсаар байгууллага дээрээ талийгаачийг дуудан ирүүлсэн. Тодорхой цаг хугацаанд гэрчийн мэдүүлэг авч, прокурорын зөвшөөрөлтэйгөөр талийгаачийн ажлын байр, зуслангийн байр, гэрт нь нэгжлэг хийсэн. Нэгжлэгийн явцад уг хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг хураан авч талийгаачийг эрүүгийн хэрэгт сэжиглэн баривчилсан. Үүний дараагаар тухайн хүнийг Цагдан хорих 461-р ангид хүргэсэн юм.
Баривчлах ажиллагаа явагдсаны үндсэн дээр тухайн хэрэгт холбоотой 4-5 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэл тогтоогдсоныг Прокурорт танилцуулсан. Прокуророос нотлох баримтууд хангалттай цугларсан байна гэж үзээд хэрэгт яллагчаар татах үндэслэлтэй гэж үзээд нэр бүхий хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж, яллагчаар татах үндэслэлтэй гэсэн тогтоолыг АТГ-т ирүүлсэн.
48 цаг баривчлагдах хугацаа дуусч, сэжигтнийг суллахаар очиход нас барсан байдалтай олсон. Тухайн үед ийм л зүйл болсон" гэлээ.